Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу гуравдугаар тойргийн хоёр дахь өдрийн хоёр дахь барилдаанд Баян-Өлгий аймгийн баг Булган аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн баг 14-11-ээр ялж, шигшээ наймд шалгарав. Олны дунд дуулиан дэгдээсэн уг барилдаанд барилдсан бүх бөхчүүдээ манлайлан дөрвөн даваа авч, багаа ялалтад хөтөлсөн Аймгийн заан Е.Көптилекийн тухай 10 баримтыг хүргэж байна.
Баримт 1
Түүнийг Ерболат овогтой Көптилек гэдэг. Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд мэндэлсэн.
Баримт 2
Тэрбээр 1996 оны тавдугаар сарын 13-нд мэндэлсэн. Удахгүй 28 нас хүрнэ.
Баримт 3
Биеийн өндөр нь 180 см ажээ.
Баримт 4
Анх 2014 онд Сумын заан цолонд хүрч, таван жилийн ар дээр цолоо баталжээ.
Баримт 5
2020 он бол түүний хувьд амжилтын эхлэлээ тавьсан азтай жил байв. Тухайн жил Көптилек аймгийнхаа баяр наадамд тав давж, Аймгийн цолны босго алхсан юм.
Баримт 6
2021 он бол цар тахлын жил байлаа. Тийм ч учраас тэр бусад бөхчүүдийн адил цолоо ахиулж чадаагүй. Харин 2022 оны баяр наадмаар Аймгийн заан цолто болж, улмаар 2023 онд цолоо баталсан. Уг нь түүнийг Аймгийн арслан болно гэж олон хүн хүлээж байсан ч Ховд нутгийн заан У.Батцоож наадмынх нь түрүүг булаасан юм.
Баримт 7
Тэрбээр сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд хоёр удаа тав давсан байдаг.
Баримт 8
Харин Аймаг, цэрэгт ганцхан удаа тав давж байлаа. Энэ нь өнгөрсөн оны тавдугаар сард болсон Ховд аймгийн Алтай сумын харьяат, МУГТ, улсын өсөх идэр начин Адуучийн Баатархүүгийн нэрэмжит барилдаан байв.
Баримт 9
2022 онд Аймгийн начин цолтой хүү Бөхийн өргөөнд "Наурыз" баярт зориулсан барилдаанд хүч үзэж, шөвгийн 16-д үлдсэн. Тэгэхдээ тэр нэгийн даваанд Увс аймгийн Малчин сумын харьяат Аймгийн заан Т.Аззаяаг, хоёр дээр Улсын харцага Л.Лха-Очирыг, гурвын даваанд Улсын начин Д.Амарсайханыг, дөрвийн даваанд Улсын аварга П.Бүрэнтөгсийг хаясан. Улмаар Улсын арслан М.Бадарчид унажээ.
Баримт 10
Дээрх барилдаанаас эхлэн хүмүүс түүнийг таних болсон. Гэвч өнгөрсөн жилийн АЛТАН ЦОМ-ын төлөөх барилдаанд сайн барилдаж, одоо түүнийг бөх сонирхогчид бүгд мэддэг болжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (12)