Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын төсөлд газрын цахим болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт нөхөн төвлөрүүлэхийг эрчимжүүлж, Улаанбаатар хотод төвлөрүүлэх газрын дуудлага худалдааны орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэхээр тооцож, тусгажээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Богдхан уулын хилийн цэстэй холбоотой үүсэж байсан маргааныг БОАЖЯ-тай эцэслэн шийдэж, тодорхой хэмжээний газрыг нийслэлийн эрх хэмжээнд шилжүүлэн шийдэж байгаа. 2003 оноос хойш газар эзэмших, ашиглах эрхээ авсан ч дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй этгээд олон бий. Үүнээс багадаа 50 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой. Газрын эрхтэй холбоотой дээрх судалгааг нарийн тооцоолж, судалж чадвал илүү их орлого төвлөрүүлж болно. Өмнө нь газрыг төсөл болгож ашиглуулалгүй шууд эзэмших, ашиглах эрх олгодог байсан. Үүнээс улбаалан газрын наймаа дэлгэрсэн гэхэд буруудахгүй. Ийм алдааг дахин давталгүй, шинэ дэд төвүүд болон дагуул хотуудын төлөвлөлт дээр төсөл хэлбэрээр зарахаар төлөвлөж байна” гэдгийг онцолсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.