ЦХХХ-ны сайд Н.Учрал болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар 2023-2027 онд хэрэгжих хөтөлбөрийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
Хөтөлбөрийн таван үндсэн арга хэмжээний нэг нь эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийг дэмжихэд зориулагдах юм. Тухайлбал, Жирэмсний хяналтын карт, Амбулаторийн карт, даатгал, жор, Дүрс оношилгооны дүгнэлт, Товлолт буюу вакцины лавлагааг цаас биш цахим болгож, цаг, мөнгө хэмнэнэ. Долоон төрлийн цаасан үйлчилгээ цахим систем болж өөрчлөгдөхийн хэрээр элдэв чирэгдэл, эмнэлгийн ачаалал эрүүлжинэ. Цаасаар явуулдаг 7 төрлийн үйлчилгээ цахим болох юм.
Мөн цахим манлайлагчид төслөөр дамжуулан олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээг төлөвлөгөөнд тусгажээ. Бүх нийтийн цахим ур чадварыг өсгөх бодлогод нийцүүлэн, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Боловсрол /цахим ур чадвар/, эрүүл мэнд /тогтолцоо бэхжүүлэх/, хүүхэд хамгаалал /PRIMERO нэвтрүүлэх/ чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог дэмжих, чадавх бэхжүүлэх, гамшгийн үе дэх харилцаа холбоонд дэмжлэг үзүүлнэ.
Нэн эмзэг, орхигдох эрсдэлтэй хүн амын хэсэг бүлэг нөөц боломжоо бүрэн дүүрэн, эрх тэгш ашиглаж, хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй, цочролд тэсвэртэй эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, нийгмийн хамгаалал, ус, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний үр шимийг хүртэх нь хөтөлбөрийн “гэрийн даалгавар” юм.
Эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллыг онилсон хөтөлбөрт НҮБ-ын Хүүхдийн сангаас 670 мянган ам.доллароор санхүүжүүлнэ гэж ЦХХХЯ мэдээлэв.