Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Улсын нөөцөөс 6000 тн тэжээл гаргаж малчдад хүргэх, орон нутгийн нөөцөөс 20 мянган тонн өвс, 10 мянган тонн тэжээлийн буудай зэргийг гаргаж, шуурхай хүргэхээр ажиллаж байна. Аймаг, сумдад тусгай техник хэрэгсэл ашиглан цасанд дарагдсан 54 мянган км зам харгуйг гаргаад байна. Өнөөдрийн байдлаар 192 сумын нөхцөл байдал хүнд байна.
Малчдын зүгээс анхаарал тавих хүсэлт ихээр ирүүлсэн нь зээл төлөлтийг түр зогсоох явдал юм. Улсын хэмжээнд 190 мянган гаруй малчдаас 140 мянган малчин 1,2 их наяд төгрөгийн зээлтэй буюу дунджаар 21 хувийн хүүтэй, зээлийн дээд хэмжээ 30-50 сая төгрөг байна.
Малчид зээлээ ихэвчлэн түлээ түлш, тэжээл, өвс, хүүхдүүдийнхээ сургалтад зарцуулдаг. Малаа барьцаалж зээл авсан тэдэнд зээл төлөлт хүндрэл учруулж буйг учирлан, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахыг хүссэн. Тиймээс энэ оны зургаадугаар сар хүртэл хойшлуулах талаар судалж байна.
Нийт зээлийн 52,1 хувь нь буюу ₮685 тэрбум нь Төрийн банк, 48 хувь нь буюу ₮580 тэрбумыг Хаан банкнаас авсан байна" гэв.