Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.8 их наяд төгрөгт хүрчээ.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (2.2 дахин) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2.7 их наяд төгрөгт хүрч, 1.6 (2.5 дахин) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.
Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн сард 2.1 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 676 тэрбум төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Татварын орлого энэ оны нэгдүгээр сард 2.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.6 (2.6 дахин) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 544.2 (3.4 дахин) тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 668.9 (41.1 дахин) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 147 (48.8 хувь) тэрбум, онцгой албан татвар 64.1 (2.2 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Орлогын албан татварын 78 хувийг ААНОАТ, 22 хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн сард 2.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 935.2 (83.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Зарлага өсөхөд хөрөнгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 414.6 (10.4 дахин) тэрбум, бараа үйлчилгээний зардал 281.3 (2.3 дахин) тэрбум, урсгал шилжүүлэг 162 (23.9 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Нийт зардалд хөрөнгийн зардлын эзлэх хувь нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 18.3, бараа үйлчилгээний зардал 4.5 нэгж хувиар өсөж, урсгал шилжүүлгийн эзлэх хувь 19.8, хүүгийн зардал 2.4, татаас 0.7 нэгж хувиар багасжээ.