Улсын Онцгой Комисс өнөөдөр Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй малчдын зээлийн асуудлаар хуралдлаа.
Нийт 140,000 гаруй малчны 1.2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар зөвшилцөлд хүрчээ. Тодруулбал, 51.2 хувь буюу 618 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкнаас, 48.5 хувь буюу 585 тэрбум төгрөгийн зээлийг Хаан банкнаас тус тус олгожээ.
Төв банкны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бол Хаан банкны хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс хойш хүсэлт өгсөн малчдын зээлийн эргэн төлөлтийг сунгаж эхэлсэн бөгөөд нэг жил хүртэл хугацаагаар хойшлуулах боломжтой аж. Төрийн банкны хувьд эхний ээлжинд энэ оны зургадугаар сарын 1-н хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжтойгоо хэлжээ. Малчид харьяа орон нутгийнхаа Хаан банк болон Төрийн банкны салбарт хүсэлтээ цахимаар гаргаж, шийдүүлэх боломж бүрджээ.