Төрийн түшээд гэгээрлийн замд орж, энд тэнд инээж, индрийн ард хөмсөг зангидаж, ил далд авч өгч явна. Төр гэгээрсний эл саруудад ийм зүйл болно.
Тухайн үед Засгийн газраас ахмад настнуудын тэтгэврийг зөрүүг арилгаж, ахмадуудын тэтгэврийг нийтээр нь 10 хувиар нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдээд байлаа. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар буюу бага тэтгэвэр авдаг ахмадуудад "хүртээлгүй" зүйл болно хэмээн нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэхээр болсон. Ахмадууд ирэх оны дөрөвдүгээр сарын нэгнээс нэмэгдсэн тэтгэврээ авч, төрд өргүүлсэн мэт халамжийг мэдэрнэ. Үүнийг сонгууль угтсан шийдвэр гэж харах нь тун дөртэй зүйл.
Энэ хайр халамжийн хариуд нэг хоосон дугуйг нь дүүргэж будаж өгөхгүй бол "муухай". Монголчууд авсан бол буцааж өгөх, ачийг ачаар, бачийг бачаар хариулах философитой шүү дээ.
Бид сонгуулийн өмнө амь орж ирсэн түүхтэй "1072" гэх хувьцаатай, баялагтаа эзэн ч юм шиг, үгүй ч юм шиг, баян ч юм шиг, ядуу ч юм шиг ард. Сая төр гэгээрсэн даруй 104 мянган төгрөг аваад цагаалчихсан. Одоо 256 мянган төгрөгийн ногдол ашгийг гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхээр авна. Төрийн чих туйлын зөөлөн болчихоод, ардын ам хариулахдаа гаргуунаа ч үзүүлж байна. Чухам цаг ирэхэд түмний хараа хурц болоод мэргэн байх эсэх л...
М.Жаргал