УИХ-ын дарга Г.Занданшатар Газрын тухай хууль болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн асуудлаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар "Хэдийгээр хаврын сар гарч байгаа ч цас зудын байдал нийт монгол орныг хамарч хүндэрч байна. Зудын аюул эрсдлийг гарз хохирол багатайгаар даван туулах зорилгоор бид хөдөө орон нутгаар арван сараас хойш ажилласан. Малчид бол монголын нүүдлийн соёл иргэншил оршин тогтнохын баталгаа, өв тээгчид учраас тэдэндээ туслах аяныг өрнүүлсэн. Мал хэдийгээр малчдын өмч боловч Монгол Улсын баялаг, тусгаар тогтнол, нүүдлийн соёл иргэншлийн баталгаа юм" хэмээн цохон тэмдэглэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Иргэдийн засаглах эрхийн хүрээнд гаргасан саналыг холбогдох байгуулагад уламжлах, хэлэлцэх хуультай. Тиймд УИХ-аас гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглуулах заалтыг хүчингүй болгох тухай хуулийг төслийг хэлэлцүүлж, байнгын хороодын дарга нар дэмжсэн.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд байгаа Гадаадын иргэнд 100 жилээр газар ашиглуулах заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулж, ЗГ-т хүргүүлсэн. Хаврын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон.
Үүнтэй холбоотойгоор Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн газрын ашиглалт, газрын хуулийг хянан шалгах зайлшгүй шаардлагатай байна гэж үзлээ. Газрыг танил тал, ар өврийн хаалга, эрх мэдэлтэй нь авдаг зүйл хавтгайрлаа гэж иргэд хэлж байна. Газрын хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, улмаар Хянан шалгах түр хороо байгуулж, энэ асуудлыг нээлттэй сонсголоор хэлэлцэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын байнгын хорооны дарга нар, ЗГ-ын холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж байна.
Газар бол улсын үндэс, эдийн засаг, бизнес, амьдралын үндэс. Мөн газартай холбоотой асуудлаар улс орны аюулгүй байдал, оршин тогтнол хөндөгдөж буй учраас УИХ-аас тусгайлсан ажлын хэсэг байгуулж байгаа юм.
Гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэх ёсгүй гэж үзэж, таслан зогсоох өндөр босгыг энэ хуулийн төслөөр тавьж байгаа гэж үзэж байна. 2013 онд баталсан энэ заалтыг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр хэрэгжээгүй боловч үүд хаалгыг нь нээж өгсөн гэж хардаж байна. Гадаадын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах, тусгаар тогтнолд халтай хуулийн төсөл өргөн барих нөхцөлийг бүр мөсөн хаах болно.
Түүнчлэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхгүй" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (10)