Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь удаагийн бага хуралд оролцож байна.
Анхдугаар бага хурлыг 60 жилийн өмнө буюу 1963 онд зохион байгуулснаас хойш оролцогчдын тоо жил бүр өсөж олон улсын аюулгүй байдлын бодлогын талаар хэлэлцдэг дэлхийд тэргүүлэх чуулган болж өргөжсөн юм.
Энэ хурлын үеэр сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзжээ.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнгээр хоёр улсын харилцааг “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-д хүргэн бэхжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа нотлов.
Талууд цаашид хоёр улсын хооронд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, энэ ондоо багтаан Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахаар тогтлоо.
Америкийн тал өнгөрсөн хугацаанд Энх тайвны корпусын хүрээнд хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд англи хэл заах хөтөлбөр, түүний үйл ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн талууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг онцолж, энэ онд мөн харилцан айлчлалын давтамжийг хадгалан ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам