Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Женев хотноо зохион байгуулсан “Хүний эрх-75” өндөр түвшний арга хэмжээний үеэр Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн сургалт, сурталчилгааны төвийг байгуулах тухай ХЭҮК-ын санаачилгыг дэмжих, "Хүний эрхийн хангах үндэсний хөтөлбөр-2"-ийг батлах, “SHE for HE” санаачилгыг хэрэгжүүлэх амлалтыг Монгол Улс авсан юм.
Уг асуудлын хүрээнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Ж.Хунан нар Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболдыг энэ сарын 6-нд хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилт, биелэлтийг тайлагнахад тулгамдаж буй асуудал, энэхүү механизмыг үр дүнтэй болгох, олон улсын гэрээ, конвенцын орчуулга, нэр томьёог жигдлэх, НҮБ-ын хороодын Ерөнхий тайлбарыг орчуулах асуудлаар санал солилцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Волкер Туркийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг “Хүний эрх-75” өндөр түвшний арга хэмжээний үеэр уламжилсан. Уулзалтаар Хүний эрхийн Дээд комиссар Волкер Туркийн Монгол Улс дахь айлчлалын ач холбогдол, Монгол Улсаас НҮБ-ын өмнө өгсөн амлалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар ярилцаж, Монгол Улсад Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн сургалт сурталчилгааны төв байгуулахад хамтран ажиллах асуудлаар мэдээлэл хуваалцжээ.