2025 оны Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт энэ сарын 22-ны өдөр эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Үндэсний дээд лигийн тоглолтууд завсарлаж, шигшээ багийн тамирчид өнөөдрөөс бэлтгэлдээ оржээ.
Тухайлбал, шигшээ багт Б.Билгүүн, О.Энхбаатар, А.Энхбаясгалан, О.Эрдэнэцогт, А.Ананд, Н.Батбаяр, А.Тэмүүжин, А.Азбаяр, Г.Ган-Эрдэнэ, Т.Ууганбаяр, М.Өлзий-Орших, н.Оргил, н.Тулга, С.Төгөлдөр нар дуудагджээ.
Шигшээ багийн бүрэлдэхүүн болон бэлтгэлийн талаар Сагсан бөмбөгийн холбооноос тодруулахад дараах мэдээллийг өглөө.
-Шигшээ багийн бүрэлдэхүүнд 14 тамирчин багтжээ. Нэмэгдэж хасагдах уу?
-Шигшээд дуудагдсан 14 тамирчин дээр өөр тамирчин нэмэгдэхгүй. Тамирчид өнөөдрөөс бэлтгэлдээ гарсан.
-Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Т.Санчир нарыг шигшээ багт дуудагдах байх гэсэн хүлээлт сагсан бөмбөг сонирхогчдын дунд их байсан. Бэртэл гэмтэл нөлөөлсөн гэх мэдээлэл байна?
-Шүүгчдийн бүрэлдэхүүн шигшээ багийн тамирчдыг нэрлэдэг. Тийм учир энэ талаар сайн мэдэхгүй байна.
-н.Оргил, н.Тулга нар Монголд хэзээ ирсэн бэ?
-Тэд Японоос ирээд 14 хонож байна.
С.Төгөлдөрийн хувьд иргэд, сагсан бөмбөг сонирхогчид ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй. Энэ талаар мөн тодруулахад "С.Төгөлдөр ирээдүйтэй тоглогч учир шигшээ багт дуудагдсан" гэх тайлбарыг Сагсан бөмбөгийн холбооноос өглөө.