Төрийн гурван өндөрлөгийн XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн мэндчилгээнээс онцлох эшлэлийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүр элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орноо мандуулан хөгжүүлэх учиртай
НЭГ. Монголын цагаан сар бол Хүннү гүрний гурван их баяр цэнгэлийн нэг, Их Монгол Улс, Эзэнт гүрний төрт ёс, түүх соёл, түмэн олны эв нэгдлийн бэлгэдэл, монголчууд бидний өв соёл, үнэт зүйл, түүхэн ой санамж юм.
ХОЁР. Монгол хүн бүр Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлаж, Их хааныхаа билиг сургаалыг даган мөрдөж, халуун зуураа эе эвээ хичээж, нэг монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ ямагт санаж, уудам харж уужим сэтгэн, бие биеэ хайрлаж, бие биеэ дэмжиж, элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орноо мандуулан хөгжүүлэх учиртай.
ГУРАВ. Улиран одож байгаа “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 67 мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж, монголчууд бид 3 сая 500 мянгуулаа боллоо.
ДӨРӨВ. Малчин түмний маань хичээл зүтгэл, хангай дэлхийн ивээл хишгээр буянт мал сүргийн тоо толгой 65 саяар тоологдлоо.
ТАВ. Гадаад валютын албан нөөц 4.7 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, Монгол Улсын төсөв цар тахлаас хойш анх удаа ашигтай гарсан сайхан мэдээтэй луу жилээ угтаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Авлига, хариуцлагагүй байдлын түнэр харанхуйг үлдэн хөөсөн МАНДАХ нарны туяа тусаж, шинэ 30 жил ийнхүү эхэлж байна
НЭГ. Усан туулай жил монголчууд бидний хувьд өнгөрсөн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад дүгнэлт өгч, шинэ 30 жилийг эхлүүлэх суурь реформыг хэрэгжүүлж, системийн авлигын эсрэг тууштай зогссон түүхэн тэмцлийн жил байлаа.
ХОЁР. Угтан ирж буй модон луу жил Монгол Улсын Засгийн газар Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгож, Шинэ сэргэлтийн бодлогын Хот хөдөөгийн сэргэлтийг хэрэгжүүлэхэд зориулан ажиллахаар төлөвлөсөн.
ГУРАВ. “Мянганы зам” төслийг үргэлжлүүлж, аймгийн төвүүдийг хооронд нь холбох “Хөдөөгийн сэргэлтийн таван цагариг” авто замын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж, 2024 онд багтааж, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлнэ.
ДӨРӨВ. Олон жилийн хугацаанд мэтгэлцсэн боловч бодит шийдэлд хүрч чадаагүй байгалийн баялгийн өгөөж иргэн бүрд шууд хүртээмжтэй байх, төсвийн давсан орлогыг тэгшитгэн хуваахгүйгээр хөгжлийн томоохон төслүүдэд шууд хөрөнгө оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн баялагтаа эзэн байх суурь зарчмыг бодитоор хэрэгжүүлэх болно.
ТАВ. Ужгирсан асуудлууд бүрэн цэгцлэгдэхэд хугацаа хэрэгтэй ч, улс орон маань углуургаараа өөрчлөгдөж, авлига, хариуцлагагүй байдлын түнэр харанхуйг үлдэн хөөсөн МАНДАХ нарны туяа тусаж, шинэ 30 жил ийнхүү эхэлж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: Ирээдүй өөр болж байгааг монголчууд сэрж, мэдэрч байна
НЭГ. Улиран одож буй “усан” туулай жил монголчууд бидэнд өгөөж, хишгээ харамгүй хайрлалаа. Улс оронд ужгирсан гажуудлыг засах улс төрийн томоохон өөрчлөлтүүдийг Улсын Их Хурал хуульчлан баталлаа.
ХОЁР. Ирээдүй өөр болж байгааг монголчууд сэрж, мэдэрч байна. Шинэ эргэлтийн цаг “ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН”-өөр түрж байгааг ч анзаарч байна.
ГУРАВ. Бид ирэх хаврын чуулганаар бүсчилсэн хөгжлийн боломжуудаа бүрэн дайчлан ашиглан, хөдөө аж ахуйгаа сэргээн хөгжүүлж, ухдаг шар алтыг ургадаг цагаан алт болгож хувиргах, Монгол хүн Монголынхоо баялгийн жинхэнэ эзэн нь байх Баялгийн сангийн хуулийг хэлэлцэн батална.
ДӨРӨВ. Монгол хүн бүр Монгол газар шорооныхоо эзэн нь болж, хөрөнгөтөн үндэстэн болох боломж бий. Ийм зорилгын хүрээнд хөдөө орон нутаг, хөдөө аж ахуйн салбарт шилжин очиж ажиллах нийслэлийн иргэн бүрт газар эзэмшүүлэх санаачлагыг дэвшүүлж хэлэлцэхээр төлөвлөж байна.
ТАВ. “Буян хурайлсан амин нутгаа бурхдаас ч хамгаалдаг” түүхэн уламжлалтай монгол хүн монгол газартаа эзэн нь байж, үр шимийг нь хүртэж, ажил хөдөлмөр эрхлэн, аятай таатай амьдрах боломжийг олгох нь ЗӨВ НҮҮДЭЛ, ШИЙДЭЛ мөн.