Сонгуулийн жил болохоор гишүүдэд хийхгүй юм ч алга. Зарим нь нэвтрүүлэгт ороод завгүй. Зарим нь шагнал гардуулаад завгүй. Зарим нь сошиалаа ухаад завгүй байна.
Дөрвөн жилд нэг удаа хүн төрхөндөө, эгэл төрхөмдөө буцалгүй яах вэ.
Гэтэл энэ улсын амьдрал гэдэг Д.Өнөрболор гишүүний чимхэж байгаа хөлдүү буузнаас ч "хүйтэн" байна. Тэд сонгогдохоо л бодохоос биш бусад үед чих нь дүлий, нүд нь сохор улс. Энд бол үнэн хэрэгтээ гоё эсвэл муухай харагдах нь хамаагүй. Тэд ямар нэгэн чимээ гаргаж, бидэнд мартагдахгүй байх л асуудал.
Хүйтний эрч сулрахад санаа зовж, амжиж буузаа хийхийг уриалдаг парламентын гишүүнтэй. Нэвтрүүлэг байсан гэж араас нь тайлбар тавих нь бүр ч тохуутай. Үүнээс харахад, тэд ард түмнийг анзааргагүй, хуурч дөнгөх хүмүүс гэж үздэг нь тов тодорхой.
Уг нь монголчуудын цагаан цайлган сэтгэлийг буузхан мэтээр хялбархан аргалчихаж дөнгөнө гэж сэтгэсэн байх л даа. Цаашилбал, хэлбэр нь агуулгаасаа хэтийдсэн улстөрчид үг ихтэй, нулимс ойрхонтой болох нь энүүхэнд.
Энэ мэт худлаар дүүрсэн хөөсөн бөмбөлөг шиг улс төрд живчихгүйхэн шиг, ирээдүйгээ залгичихгүйхэн шиг сонгуулийн ард гарах сан. "Амташсан хэрээ арван гурав эргэнэ" гэгчийн үлгэрээр зөөлөн суудлаасаа салахын арга тэдэнд үгүй. Эгэл ардад бол юм бүхэн "хөлдүү", зам талбай нь "хөлдүү", боломж үргэлж "хөлдүү". Хөлдүү бууз чимхэж, хөгөө чирэх нь юу ч биш.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)