УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо УИХ-ын даргын өнгөрсөн оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 209 дүгээр захирамжаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.
Тус ажлын хэсгийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Баярсайхан, Б.Бейсен, Н.Энхболд нар ажиллаж байгаа аж. Тус хороо намрын чуулганы хугацаанд нийт 5 удаа хуралдаж, зургаан бүлэг асуудлын хүрээнд ажлын хэсгийн хуралдааныг 8 удаа зохион байгуулж, байнгын хорооны тогтоолын төсөл 6, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл тус бүр нэгийг хэлэлцэн шийдвэрлүүлсэн байна. Түүнчлэн УИХ-д өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал дүгнэлт тус бүр хоёрыг чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороонд хүргүүлж ажиллажээ.
Уг байнгын хороо нь хууль тогтоомжийн төслийг олон нийтэд таниулан сурталчлах хэлэлцүүлгийг 3 удаа, хууль тогтоомжийн төсөлд санал авах, нийтээр хэлэлцүүлэх уулзалтыг 2 удаа, төрийн байгууллагуудын албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг 5 удаа зохион байгуулсан. Мөн тус байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд батлагдсан хууль тогтоомж, тогтоол, албан бичгийн гурван ботийг УИХ-ын архивын нэгж болгон шилжүүлжээ.