Бүсчилсэн хөгжлийн форум үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Сонгуулийн тогтолцоо бол улс төрийн хүсэл зоригийг илэрхийлнэ. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нөхцөл боломж одоо л бий болж байна. Бүсчилсэн хөгжлийн талаар олон баримт бичиг гарч байсан. Үүнийг хэрэгжүүлэх улс төрийн хүсэл зоригийг нэгтгэн зангидаж өгөөгүйгээс л удаашралтай явж ирсэн. Одоо бол бүс нутгийг төлөөлж гарч ирсэн хүмүүс нэг сум, аймгийн хэмжээнд бус хөгжлийг бүс нутаг, улсын хэмжээний том зургаар харах боломж байна. УИХ-ын гишүүн бол монголын ард түмний төлөөлөл. Нийтийг төлөөлөн ажиллах боломжийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, сонгуулийн тогтолцоо нээж өгч байна.
Хойд бүс, тэр дундаа Эрдэнэт хотод хүнд аж үйлдвэр, түүнийг дагасан үйлдвэрлэлүүд хөгжиж байгаа. Эрдэнэт үйлдвэр дээр маш их орлого төвлөрч байна, үүнийг дагаад ажлын байр бий болдог. Мөн худалдан авалт гэх мэт эрэлтүүд өндөр байна. Үүнийг бүс нутгийн хэмжээнд хэрхэн үр ашигтай зарцуулах вэ гэсэн асуудал гарч ирнэ. Үүнд Булган, Хөвсгөл аймгуудын оролцох боломж нээгдэж байна. Нэгдсэн боломж бий болж, хүчээ нэгтгэнэ л гэсэн үг шүү дээ. Боомтын чиглэлээр хөгжих боломжууд бас бий. Олон улсын боомтоос гадна олон улсын нисэх онгоцны буудалтай болж байгаа. Зунаас энэ ажил хэрэгжинэ. Мөн Ханх, Хатгалыг холбосон 180 км автозамын ТЭЗҮ хийгдэж байна. Зам тавигдсан тохиолдолд Европ Азийг холбосон эдийн засгийн чухал коридор болох юм" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)