Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баялгийн сангийн асуудлаар мэдэээллээ. Үндэсний Баялгийн сангийн хуулийн төслийн хамтран боловсруулахаар МАН, АН, ХҮН намын дарга нар гарын үсэг зурсан байна.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар Үндэсний Баялгийн сангийн хуулийн төслийг парламентад суудалтай намуудын дарга нартай санамж бичиг байгуулсны дүнд УИХ-д өргөн барихаар боллоо.
Ерөнхийлөгчийн баялагтаа эзэн байх суурь зарчмын асуудалд санал нэгдэж, хуулийн төслүүд өргөн барьсан. Эдгээр төслийг зөвшилцсөн намын дарга нарт талархаж байгаагаа илэрхийлье.
Монгол Улс анх удаа холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонгох гэж байна. Сонгууль бүхнээр өөрчлөгддөг байсан сонгуулийн тогтолцоо Үндсэн хуульд орсноор хүртээмжтэй ардчиллын зарчмыг сонгож чадсан. Маргааш парламентад суудалтай гурван намын дарга Бүсчилсэн хөгжлийн эдийн засгийн форумд оролцоно.
Баялагийн суурь реформыг хийх зөвшилцөлд бид хүрч чадлаа. Үндэсний баялагийн сан нь ирээдүйн өв сан, тогтворжуулалтын сан, хуримтлалын нэгдсэн сангаас бүрдэнэ. Хөрөнгө оруулалт татах, Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан хуулийн төсөл боловсруулахаар нэгдлээ.
Стратегийн томоохон төслүүдийн 34 хувь нь хуримтлалын нэгдсэн санд төвлөрч, иргэдийн эрүүл мэнд, орон сууц зэрэгт зарцуулах юм.
Өнгөрсөн хугацаанд олгогдсон ашигт малтмалын лицензийн талаар сонсгол явуулах зэрэгт уг хуулийн төсөл түлхэц өгнө гэдэгт итгэж байна.
Өнөөдрийн хурлаас 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1,072 хувьцааг эзэмшүүлэх шийдвэрийг гаргалаа. 3.4 сая иргэн Эрдэнэс Тавантолгой компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байна.
2022 оны ногдол ашиг 116,000 төгрөгийг иргэдийн дансанд өнөөдөр шилжүүлэх боломж бүрдсэн. 2023 оны ноогдол ашиг нь 286 мянган төгрөг байх урьдчилсан тооцоолол гарч байна.
Баялагийн сангийн тухай хууль батлагдсанаар ашигтай ажиллах тусам иргэн бүхэн хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрх зүйн орчин бүрдэнэ"