Сонгуулийн тогтолцоо улс орон болгоны онцлогоос шалтгаалаад өөр, өөр. Манай улсад 76 ам уралдаж идсээр, хэдэн ч сонгуулийн нүүрийг үзэв. Одоо томсгосон тойрогтой, 126 амтай дөрвөн жилийг үзнэ. Хэний ам хэвж, хэний ам хөшихийг харна.
Чуулган завсарлаж, эх оронтойгоо танилцах үүрэг авсан улстөрчид орон нутгаар хэрэн хэсэж яваа. Харин удахгүй эргэн цуглаж, эргүүлж мөлжихөд хүзүү сайхан гэгчийн үлгэрээр сонгуулийн үеэр мөлжүүртэйхэн байдаг "Эрдэнэс Тавантолгой"-гоо зулгаах чигтэй байна.
Гэвч тус компанийн гүйцэтгэх захирал, БЭТ хоёрынх нь яриа төдий л таарахгүй байсаар чуулганы хөшиг хаагдсан. Засгийн газрын "хүн" Ж.Ганбат бол ЭТТ-г 120 мянга орчим төгрөг тараах боломжтой гэж ам алдчихсан.
Харин эцэж цуцатлаа саалгуулсан "саалийн үнээ" нь "үхэж мэднэ" гэх утга бүхий зүйлийг удирдаач нь хэвлэлд ярьчихсан. Тэгээд ч ТУЗ шийднэ гэдэг үг төрийн өмнө жижигдэх болов уу, яах бол.
Нэгэнт ноогдол ашгийн сураг сонссон иргэдийг тайтгаруулж, хэдэн төгрөг өгөхөөс өөр аргагүй байдалд ч орж буй биз. Гишүүд цагаан сарыг тохиолдуулан тойрог, тойрогтоо хэдэн барбарисхан тарааж явдаг сан. Одоо бол очиж хайрцагтай тавгийн идээ тараахгүй биз, томсгосон тойргийн тоосон дунд торойж буй хэдэн иргэдийг тоож харах завгүй зүтгэх хэрэгтэй блчихоод буй. Гэхдээ өгсөний хариуд аваад сурчихсан гар нь загатнаад байж сууж чадахгүй нь тодорхой.
Ноогдол ашиг гэдэг нэртэй ул боов, чихрийн мөнгө тараах нь ээ.
Сонгуультай холбохоос өөр арга байхгүй. Түүх нь тийм. Уг нь БЭТ Ж.Ганбат "ноогдол ашиг тарааж байснаас угаах үйлдвэр барьсан нь дээр" гэж намрын чуулганы эхэнд ярьж байлаа шүү дээ. Гэтэл гэнэт санасан уу, Засгийн хүн гэдгээ мартсан байсан уу... чих нь зөөлөрч, бүрэн эрхээрээ ТУЗ-аас өмнө "тов" хэлээд л явсан.
Сүүлд гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК цар тахлын үед буюу 2019 онд их хэмжээний орлого олсноор ноогдол ашиг тараах боломж бүрдэж, 2020 оны эхээр "тараана" гэж мэдэгдээд, 2020 оны 9 сард хувьцаа эзэмшигчдээ нийт 179,8 тэрбум төгрөг тараасан байдаг. Тодруулбал 96.480 төгрөг. Үүнээс мэдээж хэрэг татвар татаас хасагдсан билээ.
Энэ мөчид цар тахлын хүнд үе таарсан ч сонгуулийн жил хүртэл тохиосон гайхамшигт давхцал бий.
Монголын зутруухан нийгэмд мөнгө цагаан, нүд улаан нь дэгс ч биш. Мөнгөнд дургүй хүн ч байхгүй. Харин толгой дээрээ залж байгаа төрийн хүмүүсээ танихад хурц нүд, мэргэн ухаантай байгаасай билээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)