Монгол Улс, БНСУ-ын хооронд Өмнөд Солонгос улсад ажиллаж буй монгол иргэдийн эх орондоо эргэн ирэхэд нь тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Уг төслийг 2024-2025 онд БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх юм. ХНХ-ын сайд Х.Булгантуяа энэ талаар БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн нарийн бичгийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Ким Дэ Хуантай онлайнаар уулзах үеэр дурдаж, БНСУ-ын талд талархал илэрхийлэв.
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах салбарыг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн ажиллах боломжийг хангалаа.
Уулзалтаар БНСУ-тай байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг цаашид хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн ажиллах боломжтой салбарыг шинээр нэмэгдүүлсэн талаар санал солилцлоо.
Тодруулбал, зочид буудал, зоогийн газар зэрэг үйлчилгээний салбарт Монгол ажилчид ажиллах шинэ боломж бүрдэж байгаа талаар онцлов.
Түүнчлэн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эх орондоо буцан ирж, хөдөлмөр эрхлэхийг дэмжих зорилгоор Монгол Улсын томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулсан Хөдөлмөрийн яармаг, өдөрлөгийг БНСУ-д 2024 оны 3 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурдлаа.