Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа. Манай хоёр орон найрсаг, хамтын ажиллагаатай, олон салбарт Германы төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж ирснийг уулзалтынхаа эхэнд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодотгов.
Хууль зүй, дотооод хэргийн яам Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг(GIZ)-тэй хамтран хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбарын боловсон хүчнийг сургах, мэргэшүүлэх, хууль хяналтын байгууллагын уялдаа холбоог нягтруулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох гэх мэтчилэн олон чиглэлээр дэмжлэг, туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж ирсэнд Б.Энхбаяр сайд талархал илэрхийлсэн юм.
Элчин сайд Хэльмут Кулитц Монгол, Германы хууль зүйн салбар олон жилийн найрсаг харилцаатай явж ирснийг онцлоод цаашдаа ч Монголд хэрэгжиж буй төслүүдийн үр нөлөөгөөр, салбарын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.
Хууль зүй, дотоод хэргийн яам “Ханнс-Зайдел”-ийн сантай мөн захиргааны эрх зүйн чиглэлээр олон үр дүнтэй ажлууд хийж, Монгол Улсын хууль зүйн салбарт томоохон хувь нэмэр оруулж ирснийг уулзалтын үеэр талууд тодотгосон юм.
Сэтгэгдэл (1)