Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаар тус Байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр /2024.01.23/ хэвлэлийн бага хурал хийлээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны хаврын ээлжит чуулганаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулиуд, тогтоолын төслүүд, Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төслөөс гадна иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний талаарх хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.
Энэ үеэр Байнгын хорооны дарга Н.Энхболд, "Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх ёстой. УИХ 126 гишүүнтэй болж буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагууд бий. Төрийн ордны тухай хуулийн төслийг хэлэлцэж батлуулах ёстой. Төвлөрлийг бууруулах, нийслэлтэй холбоотой асуудал Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд бий. Үүнтэй холбогдуулан хаврын чуулганаар нийслэл хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийг Эдийн засгийн байнгын хороотой хамтраад хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа" гэлээ.