“Утаа” хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж амьд явах эрхийг зөрчиж байгаа асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Ардчилсан намын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Н.Одонгуа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ураг эхийн хэвлийд байхдаа хүчил төрөгчийн дутагдалд орсноор уналт таталттай хүүхдүүд олдмолоор өвдөж байгаа нь сэтгэл зовоож байна. 0-5 насны хүүхдүүдийн нас баралтын хамгийн том шалтгаан бол амьсгалын замын өвчлөл, уушигны хатгалгаа болчихоод байна.
Улаанбаатарт буй жирэмсэн эмэгтэйчүүдийн үр зулбах эрсдэл өвлийн улиралд дөрөв дахин ихсэж байна. Энэ мэт бидний сэтгэлийг өвтөгсөн тоонууд байна.
Нас баралтын шалтгааныг хоёр хэсэгт хуваан үзэх ёстой юм болов уу гэж боддог. 2016 оноос хойш Монгол Улсад хэрэгжиж буй хамгийн чухал ажил бол агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2020 оны судалгаанаас үзэхэд тоосонцорын хэмжээ буурсан байгаа. Гэвч хүхэрлэг хийн хэмжээ агаарын стандартаас 47-53 дахин өссөн гэсэн судалгаа байна. 2022 оны судалгаагаар Монгол иргэдийн элэгний өвчлөлийн талаар судлахад агаарын бохирдол нөлөөлсөн байсан. Мөн 2023 онд МУИС-ын багш н.Амгалангийн хийсэн судалгаа нэлээд анхаарал татаж буй. Тухайлбал, шууд хавдар үүсгэдэг химийн нэгдлүүд илэрсэн. Иймд бид энэ асуудалд зүгээр суугаад байж болохгүй гэдгийг онцлон хэлмээр байна" гэв.
Д.Батчулуун