Энэ хотын удирдлага, албан тушаалтнуудад судалгаа гэдэг нь бэлэн тоо баримтаас өөр зүйл биш бололтой. Тэд иргэдтэйгээ харилцдаггүй, үгийг нь сонсдоггүй, амьдралыг нь мэдэрдэггүй. Зөвхөн дээрээс бурхан аятай зангаж суудаг болохыг эл үйл явдал харууллаа.
Тэд эхлээд туршиж, иргэдийг хэрхэн туйлдахыг хардаг. Дараа нь иргэдийн үгийг сонсдог баатар болж, тамлалаа зогсоодог. Чухамдаа гаргасан шийдвэр нь "гавьяа" бус "гай" болж, амралтын өдрөөр ард олноороо амар заяагаа үзсэнгүй.
Нийтийн тээврийг нэг чигийн болгож, автобусны буудлын маршрут заах тэмдэглэгээг 70 гаруй хуудас бүхий нэрсийн жагсаалтаар сольж тэд их ажил хийж гийгүүллээ. Зарим автобус нь хүний хөлд дарагдаж, зарим нь хоосон эргэж өдрийг барсан. Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ "Автобус цаг хугацаандаа буюу оргил үедээ 1'30-2 минут тутамд ирэх нөхцөлийг бүрдүүлнэ" гэж байв. Гэвч юун нэг, хоёр минут. Хүртээмжгүй нийтийн тээврээ хүлээж зогссон үе шиг ээ л голдоо хүйт ортол зогслоо хэмээн иргэд хэлж байв.
Хотын орлогч дарга П.Сайнзориг тухайн ажлыг эхлүүлэхээс өмнө маршрутын мэдээллийг өгч байсан хэмээсэн. Тэр үеэс л "автобусанд сууж үзээгүй хүмүүс ийм зүйл хийжээ" гэдгийг шүүмжилж байлаа шүү дээ.
Сошиалаар ажлаа хийдэг дарга нар түүнийг хараагүй байна гэж байхгүй. Үүнийх нь баталгаа бол хуучин хэвээр явуулах болсон шийдвэр юм. Холион бантан хутгаж байхаар больсон нь ч дээр биз.
Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайханы хэлснээр бол Хотын даргатайгаа хөтлөлцөөд хагас, бүтэн сайнгүй автобус баазаар явдаг гэж байгаа. Хуучин автобусаа хараад хуучин гэдгийг нь мэдрэн гансардаг гэх.
Автобусаар зорчихыг уриалдаг ч нийтийн тээвэртээ сууж үзээгүй дарга нар ард түмний амьдрал руу "давс" байтугай "хайрга" цацаж байна. Амьгүй төмөр тогшиж явахаар, амьд хүнээс асуух нь яав.
Төв талбайгаа вокзал шиг болгосон улсын нийслэл өөр хаана байдаг бол, өчнөөн хуудас гэрийн даалгавраа "маршрут" гэж нэрийддэг нь ч хэд бол.
Нийслэлд аливаа зүйл ажлын өдрийн өмнөх орой, одоо бүр шөнө дунд шийдэгддэг боллоо. Иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсаар байх уу, яг яах уу? дарга нар аа...
М.Дэвээ
Сэтгэгдэл (4)