Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын гишүүдтэй онлайнаар уулзалт хийж, үндэсний цөөнх болох казах хүүхдүүд, тэр тундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжил хамгааллын асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад БНКУ-ын Парламентын гишүүн Ирина Владимир Смирнова, Кенжегүл Социал Сейтжан, БНКУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүн Омарова Гүлнар Мансур болон Дэлхийн Казахуудын Холбооны ерөнхийлөгч Хожамурат Харлыгаш Бекпатша болон тус холбооны албаны бусад төлөөлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох газар, хэлтсийн дарга нар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын удирдлагууд зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролд хамрагдалтыг дэмжих, төрөөс баримталж буй бодлогын талаар харилцан танилцуулж, туршлагаасаа хуваалцсан. Дэд сайд С.Зулпхар сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд боловсрол эзэмших, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд хамгийн чухал зүйл бол дохионы хэл бөгөөд казах хэлээр дохионы хэлмэрч орчуулагчийг бэлтгэх нь нэн чухал болохыг хөндсөн.
Баян-Өлгий аймгийн тухайд сонсголын бэрхшээлтэй 216 иргэн, 25 хүүхэд байна. Эдгээр иргэдийг дохионы хэлмэрчээр хангах, дохионы хэлээр үйлчилгээ авах боломж бүрдүүлэх талаар санал солилцож, хамтран ажиллах хүсэлтэй буйгаа Дэд сайд илэрхийллээ гэж ХНХЯ-наас мэдээллээ.