Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү тэргүүтэй албаны төлөөлөгчид Төв аймагт энэ сарын 17-нд ажиллалаа.
Энэ үеэрээ тэрбээр Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуульд Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийг хэрэгжүүлэхээр болж, гэрээнд тус аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурав.
Уг төслийн хүрээнд Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуульд 817.7 сая төгрөгийн засварын ажил хийх юм. Тус сургуулийн барилга 1985 онд ашиглалтад орсон бөгөөд мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй байсан. Төслийн хүрээнд сургуулийн дээвэр, гадна фасад, дотор засал, цахилгаан шугам зэргийг иж бүрэн засварлахаар төлөвлөжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр 270 гаруй суралцагч чанартай боловсрол эзэмших, 40 орчим багш, ажиллагсад тав тухтай орчинд ажиллах нөхцөл бүрдэж байна.
Япон улсын Засгийн газар Монгол улсад 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба энэ удаагийн төсөл нь улсын хэмжээнд хэрэгжих 599 дэх, Төв аймагт хэрэгжих 24 дэх төсөл болж байна. Мөн энэ удаагийн төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 238,506 ам.доллар юм.
“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.
Сэтгэгдэл (1)