УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар нийт 44 хууль тогтоолын төслийг хэлэлцэхээр тогтжээ.
Ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр байнгын хороодоос 39, Засгийн газраас 50, УИХ дахь МАН-ын бүлгээс 24, АН-ын бүлгээс 37, давхардсан тоогоор нийт 150 хууль тогтоолын төслийн санал ирүүлсэн байна. Тогтоолын төсөлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоол, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоол, “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоол, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2023 оны 44 дүгээр тогтоол, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол, мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тусгасан хууль тогтоомжийн төслийг тусгасан аж.
“Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг гишүүдийн 65.4 хувийн саналаар баталлаа.