УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төрийн албаны тухай хуульд “Зөвлөлийн гишүүнд УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэрийг дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна” гэж заасан. Үүний дагуу УИХ-ын Тамгын газраас нэр дэвшүүлж томилсон Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул дээр дурдсан хуулийн шаардлага хангасан УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Баярын Пүрэвдагвын нэрийг дэвшүүлсэн байна.
Нэр дэвшигч Б.Пүрэвдагва нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Боловсролын докторант, эрх зүйч мэргэжилтэй, улсад 25 жил, түүнээс Төрийн албаны төрийн жинхэнэ албан тушаалд 21 жил ажилласан. 1996-2000 онд Түшээ хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр, 2006-2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид удирдахуйн ухааны магистр хамгаалсан. 2001-2005 онд Сүхбаатар дүүргийн ЗДТГ тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан зохион байгуулагч, хороо хариуцсан зохион байгуулагч, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2005 онд Хан-Уул дүүргийн ЗДТГ-т хуулийн зөвлөх, 2005-2013 онд Нийслэлийн боловсролын газар, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2013-2016 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, хүний нөөц хариуцсан референт, ахлах референт, Төрийн албаны зөвлөлийн салбарын зөвлөлийн нарийн бичгийн дарга, 2017-2019 онд УИХ-ын Тамгын газарт ахлах зөвлөх, ахлах референт, 2019-2023 онд Төрийн албаны зөвлөлийн ажлын албанд ахлах референт, Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга, 2023 оноос одоог хүртэл УИХ-ын Тамгын газар, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.
Мөн Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр ажиллаж байсан С.Цэдэндамбын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул ЗГХЭГ-аас тус зөвлөлийн гишүүний сул орон тоонд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлахад 9 нэр дэвшигч материалаа хүргүүлсэн байна. Үүнээс нэг нэр дэвшигч нэрээ татан авсан ба найман нэр дэвшигчийн материалыг хянан үзэхэд бүгд хуульд заасан шаардлагыг хангасан тул ажлын туршлагыг нь үндэслэн Л.Цэдэвсүрэнг уг орон тоонд нэр дэвшүүлсэн байна.
Нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн нь 1967 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 56 настай. 1985 онд Нийслэлийн 13 дугаар дунд сургууль, 1994 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд ажилтан, 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газарт сайдын туслах, хуулийн зөвлөх, 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт хуулийн зөвлөх, сайдын туслах, 2000-2009 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, 2009-2014 онд Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2014-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2020-2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд, 2021 оны 2-10 дугаар сар хүртэлх хугацаанд Ерөнхий сайдын зөвлөх, 2021 оны аравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй юм.
Томилгоотой холбогдуулж УИХ-ын гишүүд нэр дэвшигчдэд хандаж хэлсэн үгэндээ Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа болон бусад анхаарвал зохих асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Төрийн албаны зөвлөлийн гишүүнээс Б.Баатарзориг, С.Цэдэндамба нарыг чөлөөлөх эсэх болон тэдгээр орон тоонд Б.Пүрэвдагва, Л.Цэдэвсүрэн нарыг томилох эсэх дээр санал хураалт явуулахад олонх дэмжлээ.