Японы Засгийн газрын “Ниппон сан”-гаас хэрэгжүүлдэг “Read Japan” төслийн ном хандивлах ёслол Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд өнөөдөр болов.
Тус ёслолд Японы ЭСЯ-ны Гутгаар нарийн бичгийн дарга, ноён Катанода, Соёл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан, хатагтай Ж.Сэргэлэнгийн хамт хүрэлцэн ирж, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоод хандивласан номын батламжийг гардууллаа. Үндэсний номын сангаас Японы ЭСЯ-д Талархлын бичиг өргөн барив.
“Ниппон сан” 2008 оноос эхлэн уг төслөөр дамжуулж, Японы улс төр, түүх соёл, эдийн засгийн тухай зөвхөн англиар бичсэн судалгааны ном бүтээлийг гадаад орны нийтийн номын сан, судалгааны хүрээлэнгүүдэд захиалгын дагуу нийлүүлж улс орноо сурталчилж байгаа юм. 2021 оны 6-р сарын байдлаар Read Japan төслөөс 138 орны 1130 байгууллагад ном нийлүүлээд байгаа талаар мэдээлсэн байдаг.
Монгол Улсын Үндэсний номын сан “Read Japan” төсөлд хоёр дахь жилдээ хамрагдаж байгаа бөгөөд эхний жил 14, хоёр дахь жил 53, нийт 67 номыг захиалж хүлээн аваад байна.