УИХ-ын гишүүн, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир нар энэ сарын 16-нд Цахим орчинд хүүхдийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Хууль санаачлагч, байнгын хорооны дарга Б.Баярсайхан цахим орчныг интернэт ашиглагч (хэрэглэгч-хөгжүүлэгч) хувь хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, төрийн байгууллага болон олон улсын байгууллага, улс орнууд өөрсдийн үйл ажиллагааны зорилго, онцлогт нийцсэн техник хэрэгсэл, программын тусламжтайгаар бүрдүүлж хөгжүүлсээр байгаа бөгөөд тус орчин нь хил хязгаар, орон зай, цаг хугацаанаас үл хамаардаг. Хувийн хэрэгцээ болон ахуйн хэрэглээний гар утас, телевиз, цаг, компьютер, таблет, автомашин, аюулгүй байдлын тоног төхөөрөмж зэрэг өдөр тутмын идэвхитэй хэрэглээний бүхий л зүйлс цахим орчинтой ямар ч саад бэрхшээлгүйгээр холбогдохын зэрэгцээ, интернэтээс шууд хамааралтай болсон нь хүний тэр дундаа хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун, эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна хэмээн танилцуулав.
Тэрбээр цахим орчны хөгжил хүүхдэд гүнзгий нөлөөлөх болсны сөрөг тал нь цахим дээрэлхэл, гадуурхал, гүтгэлэг, доромжлол, хууль бус контент, сурталчилгаанд өртөх зэрэг байдлаар илэрч, улмаар энэ нь донтох, ёс суртахуун, хүмүүжлийн доголдолтой болох, сэтгэл гутралд орох, эцэст нь амиа хорлоход хүргэх зэрэг тодорхой үр дагаврыг хүүхдэд бий болгох болсон тул цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд онцгойлон анхаарал хандуулах шаардлагыг бий болгосон гэв. Энэхүү хуулийн төслийн зорилт нь цахим орчинд хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг цахим дарамт, заналхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааны тогтолцоо, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан аж. Үүнд:
1. Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар Монгол Улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой харилцаа;
2. Цахим орчин дахь мэдээлэлд хандах, нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авах зорилгоор хэрэглэх мэдээллийн системийн үйлчилгээ эрхэлж буй болон тэдгээрт мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн эрх, үүргийг тодорхойлохтой холбоотой харилцаа;
3. Цахим орчин дахь хүүхдийн мэдээллийн аюулгүй байдал алдагдаж болох эрсдэл, түүнээс үүсэх үр дагаварыг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцаа;
4. Цахим орчин дахь хүүхдийн эрхийн халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хуульчлахтай холбоотой харилцаа;
5. Цахим орчинд хүүхдийн эрхийг зөрчиж байгаа талаар гомдол, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэхтэй холбоотой харилцааг тус тус зохицуулсан байна.
Хуулийн төсөлд тусгагдсан шинэлэг зохицуулалт бүхий харилцаа нь цахим орчин дахь хүүхдийн мэдээллийн аюулгүй байдал, цахим заналхийлэл, цахим дарамтыг олон улсын жишгийн дагуу тодорхойлж, гэр бүл, боловсрол, сургалтын байгууллага болон цахим сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг хуульчилсан аж. Иймд цахим орчинд хүүхдийг хамгаалах нь үндэсний хэмжээнд авч үзэх асуудал хэмээн хууль санаачлагч танилцуулж, төр, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тусгах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах тогтолцоог бэхжүүлж өгсөнөөр энэ хуулийн ач холбогдол оршиж байгаа юм.