Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Хуралдай” зөвлөлдөх танхимын гишүүдийг энэ сарын 13-нд хүлээн авч уулзан, тус танхимын ээлжит уулзалтыг зохион байгууллаа.
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн “Хуралдай” зөвлөлдөх танхимыг байгуулсан. Өнөөдрийн уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Н.Багабанди, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл нар хүрэлцэн ирж оролцов. Уулзалтыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ, “Хуралдай” зөвлөлдөх танхимын ээлжит уулзалт Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдөр зохион байгуулагдаж байгааг тодотгоод Зөвлөлдөх танхимын гишүүдэд Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Үргэлжлүүлэн хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаг үеийн асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулж, холбогдох хууль тогтоомжуудын талаар Хуралдай зөвлөлдөх танхимын гишүүдэд мэдээлэл өглөө. Дараа нь “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” УИХ-ын тогтоол, төлөвлөгөөний талаар “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар танилцуулга мэдээлэл хийж, Хуралдай зөвлөлдөх танхимын гишүүд асуулт асууж, харилцан санал солилцсоноор өнөөдрийн уулзалт өндөрлөв.