УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Хөрөнгийн зах зээл, үнэт цаасны зах зээл богино хугацаанд өөрчлөгдөж байна, анхаарах ёстой. Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос хийсэн судалгаагаар Хөрөнгийн биржийн шимтгэл өндөр байна гэсэн байсан. Шимтгэл дээр ямар бодлого барьж байна. Судалгаанууд нь 2019 он гэж гараад байдаг. Энэ хууль 2019 онд өргөн баригдсан юм уу. Хөрөнгийн бирж дээр 196 компани байгаагаас 30 хувь нь шаардлага хангадаг бол 70 хувь хангадаггүй гэж. Энэ тоо өөрчлөгдсөн үү. Биржийн бус арилжаагаар 1,7 их наядын гүйлгээ хийгдсэн байна. Биржийн болон биржийн бус арилжааг ялгаатай тогтоох чиглэлээр төсөлд хэрхэн тусгасан бэ" гэв.