Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын асуудлаар Их Британийн худалдааны танхимын төлөөлөл Тоби Филпотт байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэлэлцэж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд шийдвэрлэх шаардлагатай сүүлийн 10 жилийн хугацаанд үүссэн асуудлыг энэ хуулиар зохицуулах болов уу гэсэн найдлага тавьж байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж буйгаараа Монгол Улс хойгуур явж байгааг статистикаас харж болно. Би 7 жилийн өмнө эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэхийн тулд энд ирж байлаа. Гэвч энэ сэдвийг одоо ч ярьсаар л байна.
Хөрөнгө оруулалтын хууль баталсанаар эдийн засгийн төрөлжилт эрчимжиж, уул уурхайгаас бусад салбаруудад хөрөнгө оруулалт орж ирэх гарц нээгдэнэ гэж бодож байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээр олон ач холбогдолтой гэдгийг надаар хэлүүлэлтгүй та бүхэн мэдэж байгаа байх. Британийн худалдааны танхимаас онцгойлон нэг зүйлийг хэлнэ. Америк, Монголын хоорон байгуулагдсан ил тод байдлын хэлэлцээр гэж бий. Үүнийг бүрэн хэрэгжүүлэх нь чухал байгаа. Бидний хувьд гэрээний хэрэгжилтийн асуудал бас их чухал. Ямарваа нэгэн байдлаар бизнесийн маргаан гарсан тохиолдолд шуурхай шийдвэрлэдэг болох нь ч аль аль талдаа хэрэгтэй.
Хөрөнгө оруулагчдын хувьд бас нэг хүсдэг зүйл нь тогтвортой байдал юм. Томоохон намууд хөрөнгө оруулалтын асуудалд нэгдсэн байр суурьтай байх нь чухал.
Гадаадын хөрөнгө оруулагчдын дуу хоолойг сонсож, ойлгож, энэ асуудлыг эерэгээр шийдлээсэй гэж хүсэж байна. Энэ хууль бол ганцхан гадаадын хөрөнгө оруулалтын тухай асуудал биш.
Бүх хөрөнгө оруулагчдын асуудал хөндөгдөнө. Энэ хуулийн тухайд танхимууд нэгдсэн байр суурьтай байгаа" гэв.
М.Дэвээ