УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулж байна.
Бүсчилсэн тойрог бол маш том өөрчлөлт. Гэтэл сонгууль болохоос зургаахан сарын өмнө, цагийг нь тулгаж байгаад хийчихлээ. Үүнээс хойш "манай улс бүсчилсэн тойргоор мандан бадрах" тухай яриад байгаа юм. Би бол үүнийг толгой эргүүлж, тархи угаасан явдал гэж харсан. Ерөнхий санаа нь буруу биш ч гэлээ, яаран сандран хийсэн нь л гэм. Ардын нам бол олон жилийн түүхтэй, судалгаа тооцоо сайтай. Гэвч энэ оны сонгуульд оролцоход хулгай, дээрмээс эхлээд олон асуудалтай холбогдчихсон. Тиймд сонгуулийг зөв шударга зарчмаар явуулна гэхээс илүү яавал ялах талаар л бодсон өнцөг, түлхээсээр шийдсэн гэж харж байгаа.
Улаанбаатар хотод гарч ирэх гишүүдийн тоо хамаагүй бага болсон байна. Сонгуульд хожих бодол, сэтгэл нь давамгай байна. СЕХ-ны хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа тогтолцооны шинжтэй том өөрчлөлтийг эртнээс шийддэг байх хэрэгтэй.
Асар их хэмжээний мөнгө эрх баригчдад байна. Хэн мөнгөтэй нь ялах сонгууль руу битгий явчихаасай. Гурван аймгийн атаманууд нийлээд мөнгөө нэгтгэчихвэл хэцүү л юм болно. Тэнд жижиг нам, залуу нэр дэвшигчдийн боломж хомс болно байх.
Шударга явбал, томсгосон тойргийн ач холбогдол бол намуудын тулаан. Намууд ч гээд байх зүйл байхгүй дээ. Томсгосон тойрогт жижиг намууд алга болчихно. Тэгэхээр Ардчилсан нам, Ардын нам хоёрын дунд л гол тулаан өрнөнө. Гэхдээ намууд зөв зохион байгуулалтаар явж чадвал олон нийтэд хүрэх л байх.
Би АН-аас нэр дэвшинэ. 2020 онд намайг намаас хассан болохоор л бие даан нэр дэвшсэн. Би угаасаа энэ намыг байгуулсан хүмүүсийн нэг.
Одоо бол Ардчилсан нам зориг зүрхтэй ажиллах хэрэгтэй байгаа. Томсгосон тойрог дээр МАН-тай зэрэгцээд адилхан зүйл бариад зогсох ямар ч шаардлага байхгүй. Учир нь жаран хэдэн хүн хуулийг баталъя гэвэл яаж ийгээд батална. Тэнд хам хэрэгтэн болох ямар ч шаардлагагүй.
Өнөөдөр амьдралдаа сэтгэл хангалуун хүн байгаа юм уу? Хүний эрхийг зөрчдөг, дуугарсныг нь шоронд хийдэг, айлгадаг нийгэм л болчихлоо шүү дээ. Эсвэл мэдрэхээ больчихсон юм уу. Аажим аажмаар ард түмний амьдрал унаж байна. Ард иргэдийнхээ төлөө зоригтой, чанга дуугардаг нь Ардчилсан нам байх ёстой.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (1)