УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Ням-Осорын Учрал "Эргэн ирсэн минь" хэмээх номоо өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 29-ны өдөр нээж байв. Түүний үхэл, амьдралын дунд өнгөрүүлсэн "хагас жил"-ийн үнэнээрээ хэн нэгэнд урам зориг өгөхийг хүссэн гэж онцлон ярьж байсан тус номын тухайд Н.Учрал, ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал, Рояаль ОУИС-ийн ерөнхий захирал Ч.Сэлэнгэ нар юу хэлэв?
Н.Учрал: Энэ бол дотоод сэтгэлээ илэрхийлж, бусдад амьдралын их урам өгөхийг эрмэлзэж бичсэн ном
Хүн болгонд зовлон, бэрхшээл тулгардаг. Тулаад ирсэн зовлонг туулж гарах хүч нь хүний дотоод сэтгэлд байдаг юм билээ. Сэтгэлийн хаттай, дотоод хүчтэй байж чадвал ямар ч зүйлийг даваад гарч болдог гэдгийг харуулахыг хичээсэн. Цаг хугацаатай тэмцэж, одоо цагтаа амьдарч чадвал хувь заяа биднийг шагнах болно гэдгийг харуулахыг зорьж байгаа юм. Энэ бол дотоод сэтгэлээ илэрхийлж, бусдад амьдралын их урам өгөхийг эрмэлзэж бичсэн ном.
Олон сайхан эхийн ерөөл, эмч нарын буянаар би босож ирсэн. Тиймээс түмэн олондоо би сэтгэлийн их өртэй хүн. Түмэн олны хүчээр боссон учраас буцаагаад энэ хүчээ тэдэнд зориулах учиртай гэж боддог.
Рояаль ОУИС-ийн ерөнхий захирал Ч.Сэлэнгэ: Ханийгаа хүчирхэг сэтгэлзүйтэй улстөрч болж байгаа гэдэгт итгэдэг
Эргэн ирэхдээ илүү сэтгэлийн галтай, хүчтэй болсон. Амьдралын үнэ цэн, юу чухал гэдгийг эрэмбэлж чаддаг болсон. Энэ нь ч өөрийнх нь карьер болон бүхий л зүйлд эерэгээр нөлөөлөх байх гэж бодож байна. Ханийгаа улс орондоо хувь нэмрээ оруулсан, хүчирхэг сэтгэл зүйтэй улстөрч болж байгаа гэдэгт гүнээ итгэдэг.
МУСГЗ Ш.Гүрбазар: Энэ бол "бие илааршиж, сайхан боллоо" гэсэн утгатай ном биш юм
Сэргэлт гэдэг бол оюун ухааны их эрч хүч шүү дээ. Юуг эргэж харав, юуг сэрж мэдрэв, юунд эргэж ирэв... Эргэж ирсэн, гэхдээ юунд олзуурхаж байна вэ гэдэг чухал. Энэ бол бие илааршиж, сайхан боллоо гэдэг тухай ном биш юм. Хүн урам орохоороо, хүн сэргэхээрээ, өглөө бүрийн нарыг үзэхдээ юуг аз жаргалтайгаар олж харав гэдэгтээ л гол утга нь байгаа юм.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: Ном бичнэ гэдэг бол хүн өөрөө өөрийгөө дүгнэж цэгнэхүй
Ном бичнэ гэдэг бол хүн өөрөө өөрийгөө дүгнэж цэгнэхүй. Өөртөө дүн тавьж буй явдал. Эргэн тойрноо ямар байдлаар таньж мэдсэн бэ гэдгийн тайлбар л гэсэн үг. Хүнд хэцүү замыг туулсан байна. Учралыг их зүйл ойлгосон, итгэл дааж чадахаар хүн болсон гэдэгт би эргэлзэхгүй байна.
МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал: Энэ ном залууст амьдралыг өөрөөр харахад нэмэр болно гэж бодож байна
Хүний амьдрал маш баялаг. Олон ч зүйл тохионо. Гэхдээ амьдралд тохиолдсон хэцүү зүйлийг өөр талаас нь харвал хүнийг бас шинээр нээж өгдөг. Энэ ном залуучуудад аливаа зүйлийг өөр өнцөгөөр харахад хувь нэмэр оруулах болов уу гэж бодож байна.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)