УИХ-ын гишүүн С.Батболд өчигдөр мэдэгдэл гаргажээ. 10 зүйл бүхий асар урт тэр мэдэгдэлд улстөрч Сү.Батболдын “гавьяа”-г жагсаасан байлаа. Гэвч яг үнэндээ ажлын албанаас нь жагсаасан тэр 10 зүйлийн гавьяа дотор Монголын улс төр хийгээд эдийн засагт Сү.Батболдын авчирсан ГЭМ тэр чигээрээ багтаж байв.
Сү.Батболдын хөлжсөн түүхийг улс төрөөс бус түүнээс өмнөх үеийн бизнесээс нь эрж хайдаг. Гэвч тэрбээр 1999-2008 он хүртэл “Алтай холдинг” компаниараа Тавантолгойн орд газрын лицензийг хувьдаа “атгасан”. Олон жил... Гэвч эл явдлыг тайлбарлахдаа, “эх орныхоо төлөө байсан” гэдэг.
Тавантолгойн ордын цаана Сү.Батболд тэргүүтний ашиг хонжоо байсан гэдгийг ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан байдаг.
Тухайн үед буюу 2008 онд С.Баярын Засгийн газар Сү.Батболдоос Тавантолгойг төрд буцаан авахдаа ажлын хөлс гэж үлдээсэн “барагдашгүй алим” нь Энержи Ресурсын эзэмшиж буй “Ухаа худаг” байв. Монголын тэргүүн баячуудын үе удмаараа идээд дуусашгүй баялгийн уурхайг С.Батболд ажлынхаа хөлсөнд авсан нь дэгс бус. Энержи Ресурст хувьцаа эзэмшдэггүй, ганц ч хүрз нүүрс аваагүй гэх боловч ноёнд “хадаг яндаргүй” очдог хэн байх билээ.
Энержи ресурс хэмээх компани байгуулан Тавантолгойн орд газарт эзэн сууж байсан нь араасаа иргэний хөдөлгөөнүүдийн тэмцлийг дагуулсан. Энэ тэмцлийн улмаас л Тавантолгойг төрд хураан авчээ. Үүнийгээ тус орд газрын 96 хувийг улсад авч, 4-хөн хувийг нь Энержи ресурст өгсөн гэж олон нийтийн тархийг угаагаад өнгөрсөн. Харамсалтай нь, энэ нь Тавантолгойн үндсэн нөөцийн 20 хувь байсныг хэн ч анзаараагүй. Хамгийн ашиг орлоготой хэсгийг Энержи ресурст өгсөн гэм нүгэл бол С.Баяр, Сү.Батболд нарынх.
Хувааж идэх төлөвлөгөөг С.Батболд боловсруулсан нь Н.Энхбаярын ярианаас тодорхой болно. Тасалж авсан дөрвөн хувийн хэлтэрхийгээ Хонконгийн бирж дээр IPO хийж 4.5 тэрбум ам.доллар босгосон гэдгийг ч тэрбээр хэлсэн байна.
Энержи Ресурс ХХК-ийн тухайд 2005 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани гэгдэнэ. Хөрөнгө оруулагчид нь М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг болно. Тэд “Ухаа худаг” дээр “Сү”-ийн сүүдэр бараадан эзэн нь суусан нь ч гайхах зүйл бус. Анхны гадаадын бирж дээр гарсан гэж омогшуулж байгаад л, хэлтэрхий дээрээс нь их хэмжээний хөрөнгө босгожээ.
Анх удаа эх орны хишгийг Сү.Батболдын үед иргэддээ тараасан гэж өчигдөр гаргасан мэдэгдэлд дурджээ. Энэ нь үнэн хэрэгтээ монголчуудын бэлэнчлэх, саналаа худалдах сэтгэлгээг гааруулсан үйл явц байсан. Одоогийн нүүрсний сонсголоор яриад байгаа хулгай хийх нөхцөлийн үндэс болсон оффтэйк гэрээний эхлэлээр энэ мөнгийг тарааж байв. Чалкотой гэрээ байгуулж ирээдүйд олборлох нүүрсээрээ бэлэн мөнгө авч, сонгуулийн өмнө тарааж байснаараа Нүүрсний оффтэйк гэрээний загалмайлсан эцэг нь Сү.Батболд болж таарна. “Эх орны төлөө...” гэсэн үгийн ард ийм олон булхайгаа нууж иржээ, тэр.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (6)