2024 он бол сонгуулийн жил. Тойрог томсож, бүсчилсэн хэлбэрээр сонгуулиа явуулахаар болсон нь сайнаар хэлбэл олонд танигдсан, муугаар хэлбэл төрд бугшсан улстөрчдөд ашигтай хувилбар.
Жишээ нь... АН-ын эсвэл ХҮН намын хэн нэгэн шинэ нэр дэвшигч Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь гэсэн дөрвөн аймгийн 47 суманд очоод Сү.Батболдтой өрсөлдвөл “Таньдаг чөтгөр” нь ялах магадлал өндөр. Сонгуулийн сурталчилгаа явагдах тэр хэдхэн хоногт шинэ нэр дэвшигч өөрийгөө таниулах уулзалтуудаа сум болгоны баг бүрд хийх боломж бололцоо цаг хугацааны хувьд ч, бэл бэнчингийн хувьд ч хомс.
Сонгогчид танихгүй бурхнаас таньдаг чөтгөртөө саналаа өгөх магадлал өндөр учраас бүсчилсэн тойргийг улстөрд бугшсан бурхинууд зүтгүүлж, батлуулсан хэрэг. Гэхдээ юм бүхэн тэдний хүслээр зурагдах албагүй...
Томсгосон тойрогт хамгийн их найдаж хүлээж байгаа улстөрчдийн нэг бол Сү.Батболд юм. УИХ-д тавантаа сонгогдож, Үйлдвэр, худалдааны сайд, Гадаад харилцааны сайдаар ажиллаж, Ерөнхий сайд болтлоо дэвшиж явсан тэрбээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд ч дэвших эрхээ аль хэдийн халаасалчихсан нэгэн. Гэхдээ холимог системээр сонгууль хийж байсан 2012 онд намын жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдэн УИХ-ын гишүүнээр сонгогдож явсан Сү.Батболд энэ удаа тойрог руу “хуваарилагдана”.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн "жагсаалтад залуусаа оруулна, олон удаа сонгогдсон, албан тушаал хашиж байгаа нэр дэвшигчид тойрогт өрсөлдөнө" гэдэг байр суурь нь хэвээр бол Сү.Батболдод жагсаалт руу орох "нүх" байхгүй гэсэн үг. Тэгэхээр түүнийг улс төрд үлдээх үү, эс үлдээх үү гэдэг сонголт намд нь бус сонгогчдын гарт ирж байгаа нь бас нэгэн сайн тал болж байна.
МАН доторх хамгийн хүчирхэг, хамгийн мөнгөлөг фракцын тэргүүн түүний замнал нь уул уурхайтай салшгүй холбоотой. Гэвч өнгөрсөн оны сүүлээр сүр дуулиантай болж өнгөрсөн Нүүрсний сонсголоор түүний нэр тухайлж огт дурдагдаагүй. Олноо “Сү” хэмээн алдаршсан тэрбээр ил цагаан төрийн хэрэгт хутгалдахгүй болсноос бус далд хүчтэй хэвээр байгаа “сүнс улстөрч" болжээ.
Үүний учир нь, Нүүрсний сонсголын дарга Б.Энхбаяр түүний фракцын “цэрэг” байсанд байж ч мэднэ. Гэхдээ булавч бултайсан нэгэн баримт бол зөвшөөрөлгүйгээр хил давуулсан нүүрсний хэмжээгээрээ толгой цохьсон Ц.Амгалан гэх бүсгүй Сү.Батболд гишүүний хаяал дүү нь байсан нь.
УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр Үндэсний статистикийн хорооны даргын албан тушаалд томилогдсон Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан нь өөрийн хамаарал бүхий найман компаниараа 1.1 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр, нэг ёсондоо хулгайгаар хил давуулсан байж болзошгүй баримт Нүүрсний сонсголоор илчлэгдсэн.
Гэхдээ дахиад л сануулахад, Ц.Амгалангийн нөхөр Б.Батдаваагийн аавыг гаалийн дарга гэж тодруулахаар сонсголыг даргалагч Б.Энхбаяр сайд хичээж байсан нь Сү.Батболдоос Ц.Амгаланг холдуулах гэсэн арга байсан байж болох талтай.
Түүнээс бус Ц.Амгалангийн аав Эрдэс баялаг, эрчим хүчний Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Цэрэнпүрэв бол Сү.Батболд гишүүнтэй төрсөн ах дүүсийн хүүхдүүд.
Хамаарах дээрээ тулбал албан тушаалаа өгөөд арав хорин жил болж байгаа Гаалийн дарга асан Б.Баатараас илүү Ц.Амгалангийн авга ах, улс төрийн өндөр албан тушаалтан Сү.Батболд, бас Ц.Амгаланг хилээр нүүрс бүрдүүлэлтгүй гаргасан байх магадлалтай үед Гаалийн даргаар ажиллаж байсан Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт нарыг хардвал үнэнд илүү ойр байх байсан.
Нүүрс зөөсөн найман компанийн толгой нь “И коммодитс монголиа интеллижент ложистикс” гэх гадаадын хөрөнгө оруулалттай, Хонгконгийн бирж дээр гарсан нээлттэй хувьцаат компани дээр зангидагдана. Ц.Амгалан өөрийгөө 2007 оноос хойш 16 жил уул уурхайн салбарт ажиллаж байна хэмээсэн. Тэгвэл цаг хугацаагаар нь бодвол Сү.Батболдын мандан бадралын үетэй таарах бус уу.
Сү.Батболдын хаяал дүү Ц.Амгалангийн хамаарал бүхий найман компанийг зөөсөн нүүрсний хэмжээтэй нь танилцуулахад,
“Дэлгэрэх цагаан овоо” ХХК нь 105,782 тонн
“Эко глобал ложистикс” ХХК нь 425,638 тонн
“Алтаннууц” ХХК нь 138,198 тонн
“Цэцийгуа” ХХК нь 130,000 тонн
“Шанхын хэц” ХХК нь 180,810 тонн
“ВВ транс” ХХК нь 5049 тонн
“Хан сахиус” ХХК нь 6424 тонн
“Аранзал алаг” ХХК нь 53,110 тонн байна.
Энэ бол Монголын улс төрд 30-аад жил танц эргэсэн улстөрч Сү.Батболдын хамаарал бүхий этгээд хэрхэн яаж хөлжсөний ганцхан жишээ. Монголд ганцхан Сү.Батболд ба түүний хамаатан садан сайхан амьдарч, бусад нь улны гэж цоллуултлаа уруудан доройтож болохгүй биз дээ?
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (24)