Энэ онд тэд нүүрсний хулгай, наян ногоон автобусны хэрэг, нэмэгдсэн өртөгийн албан татвар гэх мэт олон асуудал дээр талцаж, хуваагдаж, хувааж "мөлжив".
Нэг. Жил тойрон яригдсаны хувьд нүүрсний сонсголыг ард иргэд чих тавин сонсохоос аргагүй. Үүний сургаар "оноо" цуглуулах хүсэлтэй гишүүд "би, чи" боллоо. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн гурван үгний хоёр нь "би" байв. Тэрбээр нүүрсний хэрэгт холбогдож, АТГ-аас зарласан "анхны 17"-ийн нэг юм. Гэхдээ түүний хэр чанга хашхирах нь хамаагүй хоосон мөрөөдөл болж үлдэх зүйл. Энэ сонсголыг хийхэд үүргээ биелүүлсэний хувьд нэг үзүүр нь УИХ-ын дарга Г.Занданшатарын гарт бий. Сонсголоор хэн нэгнийг яллахгүй ч хэн нь хэн бэ гэдгийг ард иргэд үзсэн нь тодорхой.
Нүүрсний сонсголоор ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын хэлсэнчлэн "улс доторх улс"-ыг илрүүлж, Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн этгээдүүдийг шударга шүүхийн өмнө зогсоохоор болов.
Хоёр. Нэг хэсэг чуулганы индэр дээрээс ч, мэдээллийн микрофоны ард ч татвар шиг мөлжүүртэй сэдэв үгүй болсон. Тухайн үед гэнэтэд сэрж мэдэрсэн мэт тал талаас нь татварын тухай сэдвийг мөлжиж гарав. УИХ-ын дарга Г.Занданшатар татварын асуудлыг 100 мянган иргэнээр хүч нэмэгдүүлэн сөхөж, түүнийг нь МАН, АН-гүй "манах" болсон.
Гэвч Сангийн сайд Б.Жавхлангийн байр суурь "нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох"-ын эсрэг байгаа. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар "иргэдийн саналыг үнэгүйдүүлэхгүй" гэж шийдсэн хариулт өгсөн. Ингээд МАН, АН хоёул моринд сундлан давхихаа алдсан. Тэд өөр өөрсдийн өнцөгөөс буюу УИХ-ын даргаас өөрөөр сэтгэх ёстой болсон нь илт. Бүх татварыг бууруул. нӨАТ-ыг 5 хувь болго гэх мэт. Татвар татаастаа "мадлуулсан" бүхний нуруунаас ачаа хөнгөлнө гэхэд хэн дургүй байх билээ. Гэвч эдийн засгийн сэргэлтийн төлөө энэ биеэ үл хайрлан НДШ, ХХОАТ-аа төлсөөр байх нь дамжиггүй биз.
Гурав. Монголын төрийг хуурсан "Наян ногоон"-ы асуудлыг ХҮН, АН хоёр булаацалдав. Тухайн автобусыг анхлан шалгах санааг гаргаж ирсэн нь "би, чи" болов. Уг нь нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх ажлыг эхлүүлж, "дориун" хөдөлсөн ч "том алдсан" билээ. Daewoо үйлдвэрийн 80 автобусны шинэ будгийг холцолж, "жинхэнэ үнэн"-ийг иргэд нүдээр үзэв. Үүнд бас л оноо авахаар тал талаас мэдэгдэл хийж, шаардлага хүргүүлж эхэлссэн юм. Нэгэнт эргэх замгүй үерт цохиулсан Хотын мээр Д.Сумъяабазар, Хотын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар ч өөр өөрсдийн албанаас хөтлөлцөөд буусан билээ.
Чухам төсөв, тендерийн арвин даллагатай, нийтийн тээврийн салбарын олигарх "Тэнүүн-Огоо"-д автобус оруулж ирэх эрхийг атгуулсан гэхтэй төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг нэр холбон хэлэлцэж байсан юм.
Дөрөв. ХЗДХ-ийн сайдын суудалд суумагцаа гол асуудлын цөм рүү нэвтэрч, цөмөрчихгүйхэн шиг яваа улстөрч бол Б.Энхбаяр. Түүнийг голч байлаа гэж зарим нь магтсан ч зарим нь "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг оролцуулж чадсангүй гэж шүүмжлэв. Тэрбээр жанжин шугамаа алддаггүй, мэдлэгтэй нэгний дүрд тохирсон. Түүнчлэн хуулийн салбарыг "хувалз" буюу шимэгч хорхойнуудаас нь салгана гэж том дуугарсан. Түүнд одоо 6 сарын л хугацаа байна.
Тэд иргэдийн дунд "тоос манартал" нүдүүлж буй асуудлыг булаалдан олон талаас нь хэдэн хэсэг тасар татаж "оноо цуглуулах" ажлаа хийдэг. Энэ он бол ирэх оны "зүг"-ийг заах жил байлаа. Засгийн газар хулгайчаас салахын тулд "Авлигатай тэмцэх"-ээр хөдөлж, шилэн, цахим байх зэргээр олон ажлыг хийсэн. Гэвч одоогийн байдлаар хэн нэгэн хулгайч гэх цол зүүсэн нь ял эдлээгүй л байна. Шүүх хурал хойшилсоор...
М.Дэвээ