Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар шатахууны нийлүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын АИ92 бензиний дундаж хэрэглээ 60,000 тонн болж нэмэгдсэн. АИ92 бензиний нийлүүлэлт 100 хувь ОХУ-аас хамаардаг.
Арванхоёрдугаар сард нийт 71,000 тонн АИ92 бензинийг ОХУ-аас захиалсан. Өнөөдрийн байдлаар 52,000 тонн АИ92 орж ирсэн.
Мөн ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс 253 вагон АИ92 бензин ачигдаад Монгол руу ирж явна.
АИ92 бензинийг Наушк буюу хил хүртэл 705 ам.доллароор нийлүүлж байна. Таван жилийн урт гэрээтэй. Евро-5 стандартын 92 бензинийг литр нь 2,940 төгрөгөөр зарагддаг. Уг бензинийг 872 ам.доллароор нийлүүлдэг байсан бол 825 ам.доллар болж буурсан сайн мэдээтэй байна.
АИ95 бензинийг 880 ам.доллароор нийлүүлдэг байсан бол 837 ам.доллар болж, үнэ буурсан.
АИ92 дууссан гэж сандрах хэрэг байхгүй. Зохион байгуулалттай дараалал үүсгэснийг хуулийн байгууллагад хандсан. Өнөөдрөөс АИ92 бензиний хангамж хэвийн байна. Гэхдээ нийлүүлэлт ханасан, хахчихсан гэж хэлж чадахгүй. Иргэд тайван байвал шатахууны хангалттай нөөцтэй" гэв.