Энэ онд ажил нь "хөглөрч", өөрөө "хөглөсөн" улстөрчийг нэрлэж байна.
Ажил хүлээлцсэн өдрөөс эхлэн "үг нь олдож, үхэр нь холдсон" сайд бол яах аргагүй Б.Чойжилсүрэн билээ. Эрчим хүчний сайдаар томилогдохдоо тэрбээр Засгийн газрын тэргүүнээсээ "утааг бууруулах, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх" гэсэн хоёр үндсэн үүрэг даалгаврыг авсан. Гэтэл тухайн үед "Аргална даа" хэмээн шулуухан хэлж байв. Гэвч тэр аргалах нь байтугай өнөөдөр алийг нь ч хийж чадахгүй байсаар сонгуулийн жилтэй амгалан золгов. Харин иргэд хэзээ цахилгаан тасрах нь үл мэдэгдэх хотод утаан дундаа уугин сууж байна.
Монголын төрд "байгалиар ажлаа хийлгэдэг ийм эрх танхил сайд" түүхэндээ нэг л байвал хангалттай сан.
Утааг бууруулах талаар асуулт асуухаар "салхи ажил хийсэнгүй" гэж тунина. Тэр үнэхээр аргалдаг юм билээ. Манай төр засгийн "бололцоо нь л энэ" гэж жишим ч үгүй ярина. Үнэндээ баян монголын паян дуусахгүй.
Гайхамшигт эшлэл хэлж, ордоны хаалгаар өөд уруу шогших Б.Чойжилсүрэнгийн нэрийг сонсохын төдийд жавартай өвлийн тэнгэрийг цууртал тас тас хөхөрдөг болсон нь бишгүй. Гэтэл хэлсэн үг нь улс даяар инээдэм болж, хийгээгүй ажлынх нь гор "ханиад" болов.
Ингээд зогсохгүй Б.Чойжилсүрэн сайд "Ямартай ч эхний ээлжинд хүмүүсийг даарч болохгүй гэж бодож байгаа. Даарахгүй байх шаардлага тавьж байгаа" хэмээсэн нь бий. Бидний эвлэрч амьдардаг үнэн бол "шоглоом" болчихсон зүйл.
"Өвөл болох нь тодорхой гэдгийг мэдсээр байж юу ч хийж чадаагүй нь түүний оны онцлох "хөдөлмөр" юм.
Хагас коксжсон нүүрс гэхээс илүү "Туршилт, туршина" гэж 177 тэрбум төгрөгийн сураг чирч иргэдийн өмнө гарч ирээд, эмээсний эцэст илүү том алдахаасаа өмнө захын дүүргийн иргэд дээр туршихаар болж байлаа. Өдгөө төрийн түшээ хүний нэрийг сонсмогц утга авцалдаагүй үгс, хошин шог, элэглэл бодогдох нь яасан хоржоонтой вэ?
М.Дэвээ