2024 он бол сонгуулийн жил. Сонгуульдаа урьдаас бэлдэж, олон олон "бурам" амсуулахаар амласан нь "улс төрийнхөн". Цалин нэмэх, тэтгэвэр нэмэх, иргэдийнхээ үгийг сонсох гээд л сонгууль угтсан өчнөөн ажил өрнөнө бас өрнөсөн. Энэ бүхнийг хоёрхон жишээгээр л дурдахад тод харагдана.
АЧИЙГ АЧААР "ХАРИУЛНА" БИЗ ДЭЭ?
Засгийн газраас ахмад настнуудын тэтгэврийг зөрүүг арилгаж, ахмадуудын тэтгэврийг нийтээр нь 10 хувиар нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдээд байлаа. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар буюу бага тэтгэвэр авдаг ахмадуудад "хүртээлгүй" зүйл болно хэмээн нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэхээр болсон гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлж байв. Ахмадууд ирэх оны дөрөвдүгээр сарын нэгнээс нэмэгдсэн тэтгэврээ авч, МАН-ын халамжийг мэдэрнэ. Үүнийг сонгууль угтсан шийдвэр гэж харж болохуйц. Энэ хайр халамжийн хариуд нэг хоосон дугуйг нь дүүргэж будаж өгөхгүй бол "муухай". Монголчууд авсан бол буцааж өгөх, ачийг ачаар, бачийг бачаар хариулах философитой ч гэж хэлж болно.
ХҮСЭХГҮЙ БАЙСАН Ч ХҮЧЭЭР "ХАЛАМЖИЛНА"
Нийгэмд шүүмжлэл дагуулсан бас нэгэн шийдвэр бол малчдын НДШ-ийг төрөөс буюу татвар төлөгчдийн халааснаас гаргах явдал гэж буй. Тодруулбал, Засгийн газраас ирэх оны төсвийн төсөлд малчдын нийгмийн даатгалын 50 хувийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхийг 100 хувь төлөхөөр тусгажээ. Түүнчлэн малчдын борлуулсан малын гаралтай түүхий эдийг НӨАТ-аас чөлөөлнө. Чухамдаа малчид төрөөс ийм зүйл хүсээгүй. Гэвч хүчээр МАН малчдыг халамжилж, халамжилсан нэрийдлээр бас л "санал" горьдох нь тодорхой. Ямар нэгэн зүйл хийсэн юм шиг харагдах нь их, бага гэлтгүй чөлөөлсөн, нэмсэн, хассан, тэглэнэ гэх мэт үгээр илрэн гарах болов.
СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ӨӨРЧИЛЖ БАЙГААД "ДАРХАЛНА"
2024 онд Монгол Улсын парламент 126 гишүүнтэй болж, нам намын луугарууд жагсаалтаар шургална. Тойргийг томсгох шийдвэрийн эхлэл нь Ерөнхий сайдын "Шинэчлэлийн таван тойрог" байсан нь тодорхой. Тэрбээр аймаг аймгаар явж, ард иргэдийн үгийг сонсож, амлахаа амлаж, танилцуулахаа танилцуулж явсаар урьдчилан намаа "сурталчидсан" гэсэн үг. Зарим улстөрчдөд энэ шийдвэр төдийлөн сайхан санагдахгүй нь тодорхой. Учир нь сонгуулийн сурталчилгааны хоног 14-хөн. Мөрийн хөтөлбөрөө ч хүн бүрд танилцуулж барахааргүй хугацаа. Тэд тойргийнхондоо эрхэлсээр дасаж, амлалтаа биелүүлэх гэж төсөв рүү гар хөлөө бүтэн дүрэх тохиолдол ч бий. 126 болчхоод яаж хөглөхийг нь харах л бидэнд үлдэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (4)