Шатахуунгүйн зовлонтой нүүр учирсан иргэд 2 сар гаруйн хугацааг үдэж байна. Анх 22 хоногийн нөөц хоёр хоногт дуусаж, бидэнд гайхамшгийг харуулж байлаа.
Тухайн үед УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар иргэд өөрсдөө шатахууны нөөцгүй болоход нөлөөлж байгаа гэх утга бүхий зүйл ярьсан удаатай. Индэрт гарч, эсвэл хэвлэлээр ямар нэгэн мэдэгдэл хийх бүрдээ "асуудалгүй, ирж байгаа" гээд л галыг намжаачихна. Гэтэл үнэн хэрэгтээ өнөөдрийн байдлаар зарим шатахуун түгээх станцад АИ92 байхгүй, зарим нь 50 мянган төгрөгийн тариф тогтоосон байна гэдгийг иргэдийн зүгээс хэлж байна.
Дүн өвлийн хүйтэнд иргэд нь урт дараалалд "хөшиж", ШТС-уудаар хэрэн хэсэж, бухимдан бээрч явахад АМГТГ-ын дарга Л.Баярмандал "бүжиж" явсан билээ. Харин салбарын сайд нь ханиад хүрч, хийх ёстой ажилдаа "ялархаж" байв.
Өнгөрөгч долоо хоногт АМГТГ-аас шатахууны асуудлаар мэдээлэл хийж, дарга нь энэ бүх үйл явдлын ард "уучлаарай" гэдэг үг л хэлэв. Эрсдэлийг тооцоолдоггүй шийдвэрлэх албан тушаалтнуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлсээр байх уу?
Тодруулбал, Л.Баярмандалын хэлж буйгаар бол “Роснефть” манай улсад сар бүр 70 мянган тонн дизель түлш, 50 мянган тонн АИ92 авто бензин нийлүүлэхээ мэдэгдсэн гэх. Мөн эл компанийн мэдэгдэл нь асуудлыг шийдвэрлэх, "аргадах" хувилбар болжээ.
Өнөөдөр шатахуун хомстсон нь үйлдвэргүй Монгол Улс, "ухаан жолоогүй" бинзен авч байгаа иргэдийн буруу бололтой.
Тэрбээр "Иргэд сандрахгүй, хуучин авч байсан хэмжээгээрээ л аваад байвал хүрэлцээтэй л орж ирж байгаа" гэсэн байдаг.
Нийслэлээс авто машиныг дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар журамласан ч дөрвөн улирлын түгжрээнээс шатахууны түгжээнд оров. Өдгөө Улаанбаатарт гэр рүүгээ бус ШТС-руу, ажилдаа бус шар гэрэлдээ анхаарал хандуулсан нь "өлзийтэй" болоод байна.
Нэг сар гаруйн өмнө салбарын сайд "21 хоног шатахуун орж ирээгүйгээс үүссэн нөхцөл байдлаас нэг амьсгаагаар гарч чадахгүй байна" гэж байлаа. Олон хоног өнгөрлөө, хий амьсгаадаж байх хооронд нь иргэд "шагийн бинзен"-д "халаасаа сэгсэрч", дарааллын дунд "толгойгоо сэгсэрч" амьдарч байна.
Ажил хариуцсан Ж.Ганбаатар сайд, Л.Баярмандал дарга хоёр "иргэдэд буруу тохож" тойруугаар асуудлыг өөрсдөөсөө холдуулж суухаар хөтлөлцөөд ажлаа өгсөн нь дээргүй юу.
М.Жаргал
Сэтгэгдэл (8)