Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэлж, тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах гэсэн сэдвээр мэдээлэлтэй танилцаж, шинжлэн судална.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд гэрч, Уул уурхайн сайд асан Д.Сумъяабазараас асуулт асууж, хариулт авч байна.
Тэрбээр "Өнөөдрийн нөхцөл байдалд хүргэхгүй байх нөхцөл бололцоо бидэнд байсан. Бид алдаагаа засаад урагшлах ёстой.
Одоо Эрдэнэс Тавантолгойг гаднын менежментийн багт өгч цэгцлэхгүй бол бидний өөрсдийн явж буй нөхцөлөөр бүтэхгүй.
Дахиад өр төлбөртэй холбоотой, төсвийн цоорхойг нөхөх асуудал бий болж, уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй компани босож ирэхгүй. Босож ирэх ямар ч бололцоо байхгүй. Мөн IPO гаргаж, олон улсад гаргах асуудал явахгүй. Улс төрөөс хамааралгүй явуулбал Эрдэнэс Тавантолгой компани дээшээ босох байх гэж бодож байна" гэв.
Д.Батчулуун