УИХ-ын чуулганы хуралдаанаар 2024 оны ээлжит Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, 72 хувийн саналаар батлагдлаа. Хуулийн дагуу сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах ба УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэж заажээ. Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгасан байна. Үүнд:
- Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
- Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
- Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
- Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
- Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
- Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
- Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
- Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
- Баянгол дүүрэг 9-р тойрог;
- Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
- Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
- Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
- Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байхаар тооцжээ.