Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хүрээнд өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн талаар мэдээлэлтэй танилцав. Гэрчээр Бодь группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан ирсэн боловч Бодь интернэшнл компанийн Гүйцэтгэх захирал А.Амундра ирсэнгүй.
Д.Баясгалан: Би бол “Бодь интернэшнл”-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч. Сая шинжээч 204 сая долларын хөнгөлөлт үзүүлсэн гэж байна. Би үүнд тайлбар хэлье гэж бодож байна. Бид нар хөнгөлөлттэй үнээр нүүрс худалдаж аваад зах зээлийн үнээр зараад ашиг олдог гэж бодож гаргасан гэж ойлгож байна. Бид нэг ч төгрөгийг хөнгөлөлт эдлээгүй.
Манайх анхнаасаа нүүрсээр гэрээ хийх саналтай байгаагүй. Бид нар нүүрсний бизнесийг мэддэггүй байсан. Манай компани бол Тавантолгойн ордтой холбоотой ямар нэгэн ажилд оролцдоггүй байсан. Гашуунсухайтын төмөр замын төслийг 30 сарын дотор дуусгах цэргийнх шиг үүргийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар бидэнд өгсөн. Тэр үед ерөнхийлөгч Х.Баттулга “төмөр зам” гэдэг үгнээс ч айдаг болчихсон байсан.
Үнийн дүнг дарсан гэрээ гэж манай компанийн төмөр замын туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээг яриад байна. Нөгөө талд ЭТТ, Бодь интернэштнл компани болон Хятадын компани гэсэн гурван талын гэрээ байгаа. Тэр гэрээг биднээс хэн ч асуугаагүй. 2020-2021 онд Монгол Улс санхүүжилтгүй болж, ЭТТ ХК зогссон. Бид нар бас санхүүжилтгүй болсон.
Гэрээнд заасны дагуу нүүрс худалдан авагчид болон гадаад, дотоодын банк санхүүгийн байгууллагаас нийт дүнгээрээ 325.8 сая ам.долларыг босгосон. Сардаа 173.6 сая ам.долларын санхүүжилтийг бид өөрсдөөсөө гаргаж байсан. Эрдэнэс Тавантолгойгоос 72 сая ам.долларын санхүүжилт л авсан.
М.Жаргал
Сэтгэгдэл (4)