Хянан шалгах түр хорооны сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн нүүрс тээвэр, экспорт, гэрээ болон бусад асуудлаар нотлох баримт шинжлэн судалж, гэрчүүдээс тодруулж буй. Энэ удаагийн сонсголд төрийн өндөр дээд албан тушаалтан буюу УИХ-ын гишүүд, сайд нар шил дараалан дуудагдсан. Түүн дотор Ардчилсан намын хоёр гишүүн байсан нь Ш.Адьшаа, А.Адъяасүрэн нар юм.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн нэр 2022 оны хавраас эхлээд жил тойрон яригдсаар буй. Ардчилсан намаас парламентад хоёрхон эмэгтэй гишүүн байдгийн нэг нь "тэр". Гэвчиг хулгайн хэрэгт алдар нэр нь мөнхийн цуурайтсаар буй нь мөн л А.Адъяасүрэн юм.
Нүүрсний сонсголын үеэр улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй 5.2 сая тонн нүүрс гаргасан компаниуд дунд түүний хамаарал бүхий 7 компанийн нэр дурдагдсан.
Гэвч гишүүн бээр мэлзэн бултаж, "Энхийн цагаан тагтаа"-ны үлгэр ярьж эхэлсэн нь бизнесээрээ олон хүнийг "тэжээсэн" гэх үг.
Тодруулбал, 40 мянган жолооч бэлтгэсэн гэж бахархангуй өгүүлэв. Ингээд өнөөх жолооч нараа ажлын байраар хангах шаардлагатай тулгарчээ. Иймд тээврийн салбар руу өөрийгөө түлхэн оруулсан, магтан дуулахыг бодоход, "хүний төлөө" явсаар хулгайн хэрэгт хөл халтиран цоллуулж яваа бололтой.
А.Адъяасүрэнгийн хамаарал бүхий дараах 7 компани гаалийн бүрдүүлэлтгүйгээр нүүрс хил давуулж байжээ.
1. “Дагалай шарга наян найм транс” ХХК
2. “Далангол” ХХК
3. “Хишиг сайхан ундрах” ХХК
4. “Даалингийн хишиг тээвэр” ХХК
5. “Топ транспорт” ХХК
6. “Прайд транс” ХХК
7. “Ивээл сар транс” ХХК
Гэвчиг дээрх 7 компанийг "огт мэдэхгүй" гэж бултсан. Тэрбээр олон улсад тээвэр хийх С зөвшөөрлийг тун шударгаар ашиглаж байсан гэх утгаар л өөрийгөө өмөөрч суугаа нь ил. УИХ-ын гишүүн болсноосоо хойш нүүрс рүү гар дүрэхээ больсон бололтой.
Богинын тээвэр буюу Цагаанхад-Гашуунсухайт-Ганц мод боомт хүртэлх 28 гаруй км замыг туулах экспортын тээврийг зөвхөн олон улсын тээвэр хийх С зөвшөөрөлтэй компаниуд хийдэг. Үүнтэй холбогдуулан нөгөө талд хянан шалгах түр хороог даргалагч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр гэх хуульчийг ч А.Адъяасүрэнд холбогдох хахуулийн хэрэг гайхашруулж байгаа аж. Түүнээс лавлан асуухад, гишүүн болохоос нь өмнө "босож ирсэн" C зөвшөөрлийн хэргийг нүүрсний хэрэг болгосон гэх юм. Угтаа нүүрсний хэрэг С зөвшөөрөлтэй салшгүй холбоотой байгааг ч тэр төдийлөн ухамсарлаж чадсангүй юу.
Б.Энхбаяр сайдын хэлснээр хахууль өгсөн биш, авсан хүн нь шүүх дээр бүлтэлзэж суугаа гэх. Бүр цаашилбал, нүүрсний сонсгол болохыг амдаж байгаад зарим компаниуд нь оффшорт шилжсэн байгаа юм. Тухайлбал хамаарал бүхий компаниудыг нь худалдаж авсан гэж нэрлэгдсэн “Friendship & fortune s corporation” компани нь 2023 тавдугаар сард Британийн виржинийн арлуудад бүртгэгдэж оффшор компани болсон байна. Үүний зэрэгцээ түүнд холбогдох хэрэг шүүх рүү шилжээгүй гэдгийг ч хуулийн зөвлөх нь дурдаад амжив.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хэлэхдээ, "Буруу газраасаа хулгайчаа хайгаад байна" гэсэн. Тэгвэл ямар арьсаа хамгаалах гэж мэлзэн бүлтэлзэж, улааран дуугаа чангаруулж суугаа билээ. Монголоос түүний буруутай хэргийг олохгүйд асар итгэлтэй байгаа нь ил харагдана.
Хэрэв буруудвал хорь гаруй жил бизнес эрхэлсэн, ажлын байр бий болгосон, "би бол эмэгтэй" хүн гэх зэрэг "уянга"-аар баг хийж өмссөөр байна вий. Энхийн цагаан тагтаа болох замд нь саад болсон тас хар сүүдрийг юугаар хусаж арилгах билээ, мөнгөөр үү?
М.Дэвээ
Сэтгэгдэл (5)