Нүүрсний хэргийн хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн долоон гишүүнийг гэрчээр дуудсан боловч хараат бус гишүүн асан П.Өлзийнаран л ирсэн юм. Үдээс хойшхи сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр болон газрын тос дамжуулах хоолой холбоотой мэдээллийг сонслоо.
ЭТТ-н ТУЗ-ийн хараат бус гишүүн асан П.Өлзийнаран:
-ЭТТ компаниас гарсан мөнгөний тухайд хэд дахин том тоо яригдаж, нийгмийн сэтгэл зүйг асар буруу хөөрөлд автуулж байгаад харамсаж байна. Аливаа юм үнэн байх ёстой. 2016 онд нүүрс 25-30 ам.доллароор зарагддаг байсан. Мөнгөгүйн зовлонтой байсан компанийг өнөөдөр мөнгөтэйн зовлонтой болгосон.
Нүүрсний салбарт хамгийн өндөр үнийг энэ компани тогтоож чадсан. Сайныг дагаад саар гэгчийн үлгэрээр хулгай гарч байх шиг байна. Энэ компанийн ТУЗ-д УИХ-ын гишүүний дүү, найз, сонгуульд нь явсан хүн, УИХ-ын гишүүн, түүний зөвлөх, туслах хүртэл ордог байсан. АН, МАН-ын аль алинаас нь хүн байсан.