Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэлж, хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, гэрээний үнэ тогтоолттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судлана.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар гэрчүүдээс асуулт асууж, хариулт авлаа.
Гэрч, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Яаж холбогдчихоод энд сууж байгаагаа сайн ойлгохгүй байна. Сая үнэтэй холбоотой зүйл ярьж байна. Зах зээлийнхээ нөхцөл байдлаас шалтгаалаад нэг өсөөд, нэг буураад явдаг шүү дээ. Өндөр үнэтэй байхад хийгдсэн гэрээ бол сайн гэрээ. Үнэ буух үед гэрээнийхээ нөхцөлийг ашиглаад явчихвал их сайн. Үнэ өсөхөд алдагдалтай байх эрсдэлтэй" гэв.
Гэрч, Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт "Би бас яагаад энд суух болсноо мэдэхгүй байна. Намайг яагаад энэ асуудалтай холбогдуулан дуудсаныг ойлгохгүй байна. Гэхдээ төрийн байгууллагыг хүндлээд ирсэн. Тухайн үеийн Сангийн сайд байсан учир мэдэж байж магадгүй хэмээн дуудсан байх гэж бодож байна. 2006 онд ашигт малтмалын тухай хуулийг шинэчилж баталсан. 2008 онд байгуулагдсан хамтарсан засгийн газар тогтоол гаргаж Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглах удирдамжийг баталж өгсөн. Мөн Эрдэнэс Тавантолгойг байгуулах тухай тогтоолыг 2010 онд баталж өгсөн. Өнөөдрийн энэ гэрээнд Монгол Улсын Сангийн яам, Сангийн сайд оролцдоггүй" гэв.
Д.Батчулуун