Хоёр дахь өдөр. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, гэрээний үнэ тогтоолттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:
-2013 оноос хойш Чалкогоос бусад компанид нүүрс борлуулж эхэлсэн байна. Энэ үед Ганц мод боомтын үнэ 60-104 долларын хооронд хэлбэлздэг байсан. Гэтэл яагаад ЭТТ 32-40 доллараар нүүрс борлуулалтын гэрээ хийгээд байсан бэ? 2013-2015 он хүртэл үнэ тогтоох аргачлалгүй явж ирсэн. Энэ үнийг яаж тогтоогоод байсан юм бэ?
ЭТТ-н Борлуулалтын албаны дарга асан Батмэнд:
-Худалдан авагчийн амны үнээр өгч байсан. Зах зээлийн хувьд уналттай байсан үе. Компани болгон руу хадаг барьж очих нь холгүй л нүүрс борлуулахын төлөө явж байсан. Өнөөдрийнх шиг ирж авдаг биш, бид очиж гуйдаг л үе байсан. Чалкогийн үнийн индекстэй харьцуулаад л өгч байсан.
ЭТТ-н гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь:
-Бид гүний гааль байгуулаад аман дээрээ зарж байгаа учраас тээвэр хасагдчихаж байгаа юм. Тээвэр хийгээгүй учраас энэ зөрүү гарч байгаа юм.