Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой дараах 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан байна. Үүнд,
1. Борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтолтын талаар,
2. “Чалко Трейдинг ХонгКонг”-тай байгуулсан гэрээний талаар,
3. Нүүрс баяжуулах үйлдвэр (10 сая.тн/жил),
4. Газрын тос дамжуулах хоолой,
5. Уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийн талаар,
6. Бусад гэрээ багтсан аж.
Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд АТГ, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдон албан тушаалтнууд оролцоно. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн одоогийн удирдлагууд, хөндлөнгийн ажиглагчид оролцох юм.
“Нүүрсний” гэх тодотголтой энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Эхний үе шат энэ сарын 4-8-ны өдрүүдэд болсон бол хоёр дахь үе шат энэ сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.