Автобус хүртээмжтэй болоод ирмэгц нийтийн тээврийг нэг чиглэлтэй болгож өөрчлөх талаар танилцуулга, мэдээллийг Хот хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан энэ сарын 4-ний өдөр хүргэсэн. Тодруулбал, нэг чиглэлд 22-28 чиглэлийн автобус давхардаж ирдэг явдал үгүй болно гэсэн үг.
Тэрбээр хэлэхдээ, "Дамжин суух дэд бүтцийг оны өмнө дуусгах ёстой. Автобусны буудлын зогсох хэсгийг бүгдийг нь хаах үүрэг чиглэл өгч байгаа. Урдуур хойгуур нь орж зогсох, зорчигч авах зэргээр автобусны чигээрээ явах цаг минутыг алдагдуулах асуудал гардаг учраас хаана. Автобус цаг хугацаандаа буюу оргил үедээ 1'30-2 минут тутамд ирэх нөхцөлийг бүрдүүлнэ" гэсэн юм.
Харин нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг хэлэхдээ, "Нэгдүгээр эгнээг автобусны эгнээ болгох асуудлыг судалж байна. Нэгдүгээр эгнээг дагасан зогсоол дээр хүргэлтийн бараа ч буудаг.
Юу, юугүй үгүй болгох гэхээс илүүтэй олон хувилбарыг бодож байна" гэж байлаа.
Түүнчлэн хувийн машинтай иргэд зогсоолд зогсохын тулд эсвэл баруун эргэхийн тулд нэгдүгээр эгнээ рүү орох шаардлагатай болдог. Албан ёсны шийдвэр гарсны дараа тухайн асуудлыг танилцуулах талаар ч дурдсан юм.
Энэ бүхнээс харвал, Хот хариуцсан сайд болоод хотын удирдлагуудын өгөх хариулт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиг шугам зөрж байгааг харж болно. Б.Дэлгэрсайхан сайд шууд л хаах бөглөхийн тухайд ярьж байхад орлогч дарга "бодож байна" гэх хариултыг өгсөн нь нэг асуудалд олон толгойтой яваагийн тод жишээ билээ.
Зөвхөн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулахын тулд олон өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлага тулгарах нь мэдээж. Гэвч түгжрэлийг нэг цонхоор харж чадахгүй байна уу, илүү эрх мэдэл хэнд байгаа нь ч тун ойлгомжгүй.
Нэгдүгээр эгнээ зөвхөн автобус зорчих хэсэг боллоо гэхэд такси үйлчилгээ болоод замаасаа хүн авч гэр рүүгээ явах гэх мэт амьдралын наад захын асуудлууд яах билээ. Шууд мэдээлэл хийж, шийдэмгий хүн шиг харагдахаас илүү нухацтайгаар хандах хэрэгтэй мэт. Үүнээс хот хоёр толгойгоор аливааг шийдэж чадах уу гэх бас нэг асуулт урган гарч ирж байна.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил будилаантай ч үргэлжилж, эхний ээлжийн шинэ автобусууд хилээр орж ирсэн гэх мэдээллийг хотын дарга өгсөн. Он гармагц 2 минут тутамд автобус ирж, нийслэлийн иргэд үнэхээр өвлийн хүйтэн дэх өчнөөн цагийн хүлээлтээсээ ангижирч чадах болов уу?
М.Жаргал