Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэллээ. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлж, гэрчүүдээс асуулт асуулаа.
Тэрбээр "2023 онд нийтдээ 65 сая тонн нүүрс гаргасан байна. Бүгд авто тээврээр гарч байгаа юм. Гаалийн бүрдүүлэлтгүй гарсан автомашины 7 жолооч ямар компаниас ямар гэрээгээр яваад ямар цалин авдаг вэ. Бүх цалин эрээс болгондоо ижил байдаг уу.
Шат шатандаа маш хариуцлаггүй ажилласан байна. Монгол Улсын гааль байхгүй юм шиг үйл явц явсан байна. Нүүрсний сонсгол болоогүй бол энэ тоо мэдээлэл гарахгүй байсан" гэв.
Нийт 20 жолоочийг гэрчээр дуудсанаас дөрвөн жолооч иржээ. Тэд УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуултад хариуллаа.
Нүүрс тээврийн жолооч Б.Лхагвасүрэн "Бид удирдах албан тушаалтын хэлснээр очиж нүүрсээ ачдаг. Гаалиас зөвшөөрсөн үед хилээр гардаг. Тухайн эрээсээрээ л цалин авдаг" гэв.
Нүүрс тээврийн жолооч Содовдорж "Нүүрсээ ачуулна. Жин тонноо гаргана. Төлбөрийн баримтаа бичүүлнэ. Төлбөрийн баримт гаалийн тамгатай болж ирсэний дараа бид гардаг. Миний хувьд нэг ч падангүй, бичиг баримтгүй зам дээр гараагүй. Гарах ч нөхцөл байхгүй" гэв.
Д.Батчулуун